Оддын стилистүүд: Рианна, Леди Гага ба Жаред Лето нарын төрхийг хэн бүрдүүлдэг вэ?

Поп оддын хувцаслалтын ард хэн байдаг тухай

Бидний сайн мэдэх алдартнуудын хамгийн сэтгэлд хоногшсон, дахин давтагдашгүй төрхүүдийг хэн бүтээдэг болохыг доороос харцгаая

Мэл Оттенберг

Үйлчлүүлэгч: Рианна

Рианнагийн улаан хивсэн дээрх амжилттай төрхүүдийг хариуцдаг хүн бол Мэл Оттенберг юм. Түүний ачаар дуучин бүсгүй Dior загварын ордонтой гэрээ хийсэн гэхэд хилсдэхгүй болно. Стилист ба Берлины 032c сэтгүүлийн загварын захирал Оттенберг өөрийн карьерыг The Face сэтгүүлээс эхлүүлж байсан бөгөөд тухайн үед оддын мэргэжилтнүүд болох Терри Ричардсон ба Давид Лашапель нартай хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн. Анх Бритни Спирсийн аялан тоглолтын тайзны костюмыг хариуцан туршлага суусан Мэл Оттенберг 2011 оноос Рианнатай хамтарч эхэлсэн байгаа. Түүнээс Рианнагийн хувийн стильд хэр их нөлөөлдгийг нь асуухад тэр үргэлж тодорхой бус хариулт өгч, "Рианна бол хамелеон. Тиймээс тэр шинэ зүйл турших дуртай" хэмээн хэлдэг. Юутай ч Мэл Оттенбергийн хувь нэмрийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Стилист Рианнаг Bad Gal Riri-гээс бүхэлдээ нэвт гэрэлтсэн даашинз ба Comme des Garçons-ы авангард загвар өмсөх чадвартай загварын шүтээн болгоход тусалсан гол хүн юм.

Брэндон Максвелл

Үйлчлүүлэгч: Леди Гага

2013 онд Леди Гага ба Никола Формичетти нарын хамтын ажиллагаа өндөрлөсөн. Та бүгдийн сайн мэдэж байгаачлан дуучны энэ үеийн стилист түүнд зориулан хамгийн этгээд төрхүүдийг бүрдүүлж, түүний карьерын амжилтад багагүй нөлөөлсөн байдаг. Гэхдээ 2013 онд Никола Формичетти дуучин бүсгүйг маш ихээр хайрлаж, хүндэлдэг хэдий ч ийм зэргийн өндөр ачаалалд дахин ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэн гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан юм. Гага өдөрт хэд хэдэн хувцаслалт сольдог байсан төдийгүй Никола тухайн үед Thierry Mugler брэндийн бүтээлч захирлаар ажилладаг байсан учир энэ их ажлыг зэрэг амжуулах ямар ч боломжгүй байсан аж. Харин яг одоогийн байдлаар Николагийн үүргийг түүний хувийн туслах Брэндон Максвелл гүйцэтгэж байна. Максвелл ажилдаа орсон даруйдаа боломжгүй зүйлийг боломжтой болгож, Гагагийн стилийг авангард ба сонгодог хэв маягийн алтан дунджид авчирч чадсан юм.

Марни Сенофонт

Үйлчлүүлэгч: Бейонсе

Марни Сенофонт бол 20 жилийн турш нэг ч хар өнгийн хувцас өмсөөгүй, карьерaa зөвхөн өөрийн хүчээр босгож чадсан дуучин Бейонсегийн хувийн стилист юм. Тэрээр анх Norma Kamalli маркийн борлуулалтын туслахаар ажиллаж, бага багаар загварын ертөнц рүү нэвтрэн орж, Salt-N-Pepa гэх хип-хоп хамтлагийн стилийг бүрдүүлэх ажлыг хариуцан авснаар бүх зүйл эхэлжээ. Анхны амжилттай ажлын дараагаар тэр P.Diddy-тэй хамтарч, тун удалгүй Бейонсетэй танилцсан байдаг. 2013 онд Бейонсе өөрийгөө шинэ чиглэл рүү хөтлөхөөр шийдсэн бөгөөд энэ зорилгод нь Марни төгс тохирсон юм. Стилист хуучинсаг r&b стилийг ор мөргүй устгаж чадсан. Марни ба Бейонсе нарын хамтын ажиллагааны тод жишээнүүдийг 7/11, Feeling Myself болон хамгийн чухал төсөл болох Lemonade цомгоос олж харах боломжтой.

Жейми Мицрахи

Үйлчлүүлэгч: Кэти Перри

Кэти Перритэй юу тохиолдоо вэ гэдэг асуулт нэг хэсэг Google сүлжээний топ хайлтуудын нэгт багтаж байсан юм. Жүжигчний стиль огцом өөрчлөгдөж, авангард хэв маяг руу шилжсэнээр ийнхүү шуугиан дэгдсэн юм. Кэти улаан хивсэн дээр гарахдаа эхлээд Бэтти Пейжийн төрхийг гаргаж, аажмаар бурлеск мөн футуристик загвартай туршилт хийж, дараагаар нь глэм төрх бүрдүүлж эхэлсэн. Хүмүүс Перригийн стильтэй яг юу тохиолдож буйг төдийлөн сайн ойлгодоггүй. Үүнд гэхдээ гайхах зүйл үгүй юм. Учир нь дуучин бүсгүй өөрийн хувийн стилистээ тогтмол сольдог уламжлалтай болсон. Одоогийн байдлаар Кэти Перригийн авангард стильд дурлах болсон шалтгааныг Жейми Мицрахитай холбож болно. Орчин үеийн холливүүдийн хамгийн хайртай стилистүүдийн нэг гэгддэг Жейми өөрийн карьерыг анх стилистийн туслах албан тушаалаас эхлүүлж, удалгүй АНУ-ын Vogue сэтгүүлийн арга хэмжээний менежерээр ажиллан туршлага хуримтлуулсан байдаг.

Микаэла Эрлангер

Үйлчлүүлэгч: Жаред Лето

Микаэла Эрлангер стилистийн карьерaa 25 насандаа эхлүүлж байсан бөгөөд Interview, Harper's Bazaar ба V Magazine сэтгүүлд туслах хийж байсан удаатай юм. Одоогоор Микаэлын үйлчлүүлэгчид дунд Мерил Стрип, Люпита Нионго ба Джаред Лето гэх зэрэг дэлхийн томоохон алдартнууд багтаж байна. Микаэла бол стилистүүдийн ертөнц дахь жинхэнэ хамелеон юм. Түүний үйлчлүүлэгчдийн стиль хэзээ ч хоорондоо ижил төстэй байдаггүй. Тэр зарим үйлчлүүлэгчиддээ холливүүдийн глэм хэв маяг сонгож, харин заримыг нь зоригтой шийдлээр хувцасладаг. Харин Жаред Летогийн хувьд Микаэла байж болох бүхий л гэнэтийн аргачлалуудыг хэрэглэхийн зэрэгцээ сонгодог элементүүдийг давхар нэвтрүүлж байгаа.

Махер Жриди

Үйлчлүүлэгч: Ники Минаж

Ники Минажийн улаан хивсний гаралтууд ихэвчлэн хошин шогийн меме болон хувирдаг. Энгэрийнхээ тэн хагасыг бүхэлд нь нүцгэлсэн түүний Mugler-ын пиджакийг санаж байгаа биз дээ? Харин энэ бүхний ард стилист Махер Жриди зогсдог байна. Никид зориулан төрх бүрдүүлэхдээ тэрээр Balmain, Mugler ба Givenchy брэндүүдийн тачаангуй хэв маяг, H&M-ийн ардчилсан шийдэл, мөн Vetements-ын этгээд аясыг хослуулдаг юм. Махер яаж ч хичээсэн заримдаа Никигийн өөрийгөө илэрхийлэх хүслийг даван дийлж чаддаггүй ч, зөвхөн түүний ачаар ягаан өнгийн хиймэл үс ба галзуу хээтэй хувцаснуудын эрин үе өндөрлөсөн гэж хэлж болно. Тиймээс бид түүнд гарцаагүй талархах учиртай.

Buro.Mongolia

2017-07-21, 17:00