Fendi ордоны гол хүнтэй хийсэн ярилцлага
Манай Италийн сурвалжлагч Fendi-гийн төв ажлын байранд очиж тэндэхийн эзэн Сильвия Вентуүүрини-Фендитэй ярилцлаа. Сильвия бол Fendi загварын урлангийн үүсгэн байгуулагчийн ач охин ба алдарт Baguette цууүүүнхийг бүтээгч. Тэдний ярилцлагын сэдэв нь Италийн загварын хямрал (үнэн хэрэгтээ ямар ч хямрал байхгүй), Карл Лагерфельд (Сильвия түүнтэй танилцаад хагас зуунаас ч илүүу болж байгаа), УҮҮэс Андерсон болон бусад зүйлс байв.
Ром хотын төвд байрших Фендигийн түүхэн харш нь яг л Италийн агуу загварын ертөнцөд зориулан боссон хөшөө мэт харагдана. Италийн загварын хямралын талаарх бүх шуугианы дунд тэр хамгаалалтаа алдалгүйгээр баттай зогсож байна. Тансаг үсэн эдлэлээр урласан хүрэм, үнэтэй өндөр өсгийт болон Карл Лагерфельдийн гар цүнх дэлгүүрийн үзүүлэн дээр харагдана. Хэдийгээр 2001 оноос хойш Fendi албан ёсоор Францын аварга том групп LVMH-ийн эзэмшил болсон ч өөрийн Итали ДНХ - гаа алдаагүй. Энэ нь Фенди загварын ордны үүсгэн байгуулагчийн ач охин Сильвия Вентурини-Фендигийн ач гавьяа юм.
Өнөөдөр Сильвия Вентурини-Фенди нь Fendi-гийн аксесуар болон эрэгтэй хувцсыг хариуцаж байна. Сильвия болон Карл Лагерфельд нар яг л хоёр F үсгүүд шиг загварын ордны бэлэг тэмдэг болохоо дөхсөн. Бид Сильвиятай алдарт Палаццо Фенди-д уулзсан юм. Энд Fendi-гийн хамгийн том дэлгүүр болон төв ажлын байр нь байрладаг юм. Хатагтай Фендитэй энэ түүхэн байранд уулзах хамгийн сүүлийн боломж байсан байх. Учир нь дараа сард Fendi Ромын баруун өмнөдөд орших Мусолинигийн эрин үед баригдсан, "Дөрвөлжин Колизей" хэмээн нэрлэгддэг шинэ ажлын байр уруу нүүж байгаа.
Сильвиягийн ажлын өрөө уруу орохын өмнө бид загварын хэлтсээр дайран өнгөрсөн. Шинэ загвар болон цуглуулга нар төрдөг загварын ордонгуудийн гэгээн газар болох бүтээлч лаборатори уруу шагайх мэдээж сонирхолтой шүү дээ. Ажлын байрны цагаан хана дээр цүнхний ноорог зургууд болон өнгө өнгийн даавууны загварууд байршиж, нэг ширээний ард таван хүн өндөр өсгийтийн загвар дээр ажиллаж байв. Харин Фендигийн ажлын өрөөний хаалганы урд байршсан ширээн дээр Карл Лагерфельдийн төрхтэй ягаан зөөлөн тоглоом байв.
Богинохон, нямбай үстэй Сильвия Фенди нь ихэнхдээ хар өнгийг сонгодог бол өнөөдөр ч мөн адил нэл хар хувцаслажээ. Тэр бугуйдаа аварга том бугуйвч, харин гартаа олон өнгийн үнэт чулуунуудтай бөгжнүүд зүүсэн харагдана.
Бернар Арногийн групп Fendi-г өмчилснөөс хойш загварын ордондоо ажиллахаар үлдсэн Фенди гэр бүлийн цор ганц хүн нь та билээ. Ийм шийдвэр гаргахад хэцүү байсан уу? Явах бодол төрж байгаагүй юу?
Бидний хувьд энэ нь ойлгомжтой алхам байсан. Нөлөөтэй гадаад группийн дэмжлэг манай брэндэд сайнаар нөлөөлнө гэж үзсэн. Эзэд нь өөрчлөгдсөн хэдий ч Fendi-гийн хэв маяг болон бүтээлч хэсэг нь өөрчлөгдөлгүйгээр үлдсэн. Энэ нь аксесуар болон эрэгтэй хувцас хариуцсан бүтээлч захирлын хувьд зөвхөн миний оруулсан хувь нэмэр биш мөн удахгүй Fendi-д ажилласан 50 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа Карл Лагерфельдийн нэгээхэн ач гавьяа юм.
Тэгэхээр LVMH группийн эзэмшил болсноор Fendi өөрийн өвөрмөц байдлаа алдаагүй гэж бодож байгаа хэрэг үү?
Тийм ээ. Fendi франц группийн эзэмшил болсон ч гэсэн, манай төв ажлын байр хуучнаараа Ром хотод байрлаж байгаа. Үүнээс гадна брэндийн Итали гарлыг илүү тодотгохийн тулд лого дээр Roma гэдэг үг нэмсэн. Миний бодлоор том группуудийн үүрэг нь брэндүүдийн ДНХ-г өөрчлөхөд биш харин ч түүхийг нь авч үлдэхэд оршдог.
Сүүлийн үед олон итали брэндүүд Франц, БНХАУ мөн Арабын томоохон группүүдийн эзэмшил болж байгаагаас болоод Италийн загварын салбарт хямрал нүүрлээд байна гэж яригдах боллоо. Таны бодлоор уналт үнэхээр бий юу?
Итали брэндүүд маш баялаг түүхтэй учир гадаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татдаг. Ялангуяа Арабын болон БНХАУ-ийн группүүд ийм түүхэн нэр хүндийг бий болгож амжаагүй болохоор их сонирхдог. Харин LVMH-ийн тохиолдолд арай өөр шалтгаанаар манай брэндийг худалдан авахаар шийдсэн байх. Учир нь тэд өмнө нь ч олон сонирхолтой брэндүүд эзэмшдэг байсан шүү дээ. Энэ бүгд хямралтай холбоотой гэж би бодохгүй байна. Бид 2000 онд, хямралын талаар яригдаагүй байхад италичуудад Fendi -гийн хувьцааг худалдан авах эрх олгохоор шийдсэн.
"Манай урлан Ромд үлдсэн ч цуглуулгаа бид Миланд үзүүлдэг. Манай ертөнц хэтэрхий хөдөлгөөнтэй болсон тул аливаа хил хязгаар ярих утгагүй болж байна"
Fendi Ромд үлдсэн, мөн Valentino-гийн урлан адилхан Ромд байршдаг. Түүгээр барахгүй Valentino өөрийн шинэ цуглуулгаа зун Францийн биш харин Италийн нийслэлд үзүүлэхээр зэхэж байгаа. Италийн загвар Ром уруу буцаж байгаа юм уу?
Нэгэн үед Ром нь Италийн загварын трамплин болж өгч байсан. Одоо MAXXI музейд Ром хотод зориулсан үзэсгэлэн гарч байгаа. Тэр үзэсгэлэнгээс дээд зэрэглэлийн загвар яг л энэ хотод төрсөн нь харагдана. Гэхдээ орчин үед энэ бол Милан, энэ нь Ром, харин энэ Флоренц гэж ялгаж болохгүй. Манай урлан Ромд үлдсэн ч цуглуулгаа бид Миланд үзүүлдэг. Манай ертөнц хэтэрхий хөдөлгөөнтэй болсон тул аливаа хил хязгаар ярих утгагүй болж байна.
Fendi Baguette хэмээх алдарт цүнхний зохиолчийн эрх танд байдаг. Домогт цүнх энэ хорвоод яаж мэндэлсэн бэ?
Загварт минимализм ноёрхдог байх үед Baguette бүтээгдсэн юм. Тухайн үед загварын нийгэмлэгийнхэн зөвхөн хар өнгөөр хувцасладаг байхад, Baguette цоо шинэ, эсрэг шийдэлтэйгээр гарч ирсэн. Тэр маш тод, өнгөлөг бас цоглог байсан. Түүний ачаар цүнх энгийн хэрэглээний үүрэгтэй эд зүйл байхаа больж, тусдаа загварын нэг хэсэг болсон юм. Бид мэдээж амжилттай бүтээгдэхүүн гаргахаар зорьж байсан ч бидэн дээр нурж ирсэн тэр их амжилтанд бэлэн байгаагүй. Тэр үед Fendi LVMH-ийн эзэмшил байгаагүй тул бидэнд эрэлттэй байгаа тийм их хэмжээний цүнх үйлдвэрлэх ямар ч боломж байгаагүй. Үүнээс үүдэлтэй Baguette цүнхний хомсдол үүсэж, цүнхийг тойрон шуугиан дэгдсэн. Ингэснээр алдарт хүлээлтийн жагсаалт бий болж бидний огт төлөвлөөгүй байсан маш амжилттай маркетингийн алхам болж өгсөн. Дараа нь бусад брэндүүд хуурамчаар хүлээлтийн жагсаалт үүсгэж Baguette -ийн амжилтыг дуурайх гэж оролддог байлаа.
Та Fendi-гийн дуураймал цүнх харахаараа юу мэдэрдэг вэ? Энэ нь таны хувьд амжилтын нэгэн илрэл үү, эсвэл эсрэгээрээ таны дургүйцлийг хүргэдэг уу?
Миний маш их дургүйцэл хүрдэг. Дуураймал бүтээгдэхүүн үүсэх нь амжилтын илрэл гэж боддог хүмүүстэй би огтхон ч санал нийлэхгүй байна. Цүнх болгоныг хийхэд хэчнээн хөдөлмөр ордгийг би мэддэг болохоор хэн нэгэн зүгээр л аваад олон хүний авьяас чадварыг дуурайгаад цүнх гаргачихна гэж бодохоор ёс бус санагддаг. Үүгээрээ би зөвхөн гудамжинд нууцаар зарагддаг дуураймлууд биш бас бидний загварыг хуулбарладаг бусад алдартай брэндүүдийг ч хэлж байна. Миний бодлоор энэ зөв үйлдэл биш.
Та бараг л бүхий л амьдралынхаа турш Карл Лагерфельдийг таньдаг. Домог болсон Лагерфельд ямар хүн бэ?
Карл... Бид анх танилцаж байхад би балчир, түүний хэн болохыг, юу хийдгийг мэддэггүй байсан. Миний хувьд Карл манайхаар орж гардаг гэр бүлийн нэгэн найз л байсан. Бид хоёрыг маш олон жилийн нөхөрлөл холбож байгаа болохоор надад Карлыг бусад шиг хүлээж авахад хэцүү байдаг. Карл бол миний мэдэх цөөн хэдэн маш ухаалаг бөгөөд авьяастай хүмүүсийн нэг нь. Тэр бол маш эрч хүчтэй бас хөгжилтэй хүн.
Түүнийг маш төгс төгөлдөр байдалд дуртай хүн гэж ярьдаг. Түүнтэй ажиллахад хэцүү байдаг уу?
Надад үнэхээр хялбар байдаг. Мэдээж тэр шаардлага өндөртэй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ илүү их сонирхол төрүүлдэг.
Карл өөр загварын ордонд давхар ажилладаг нь таны санааг зовоодоггүй юу?
Chanel-д уу? Ердөөсөө ч үгүй. Бид түүнийг эхэлж сонгосон шүү дээ.
Италийн өнгөрсөн зууны домогт кино найруулагчдын бүтээлийн ачаар Fendi дэлхийд амжилт олж чадсан. Танайх одоо хүртэл киноны хувцас бүтээдэг хэвээрээ юу?
Тэгэлгүй яах вэ. Мэдээж одоо бид арай сонирхолтой болон том хэмжээний бүтээлүүд сонгодог болсон. Сүүлд гэхэд Уэс Андерсонийн "Гранд Будапешт буудал" кинонд зориулан хувцас урласан.
Та нэгэн ярилцлагадаа эрэгтэй стиль даруухан байвал сайн бөгөөд төлөвлөх гэж бүтэн өдөр үрсэн мэт харагдахгүй байх ёстой гэж хэлж байсан...
Энэ нь ерөнхийдөө эмэгтэй стильд ч хамаарагдана.
Тэгэхээр эмэгтэйчүүд ч мөн адил толины өмнө бага цаг зарцуулсан нь дээр гэж үү?
Би хувцаслалтын онцлог чанарын талаар ярьж байна. Ийм л учраас би "Total looks"-д дургүй. Хувцас болон чимэглэл нь харилцааны нэгэн арга юм. Хүн гаднах төрхөөрөө юуг илэрхийлэх гээд байгааг ойлгох надад сонирхолтой байдаг.
Загварын ертөнцөд юу хамгийн ихээр таны дургуйцлийг хүргэдэг вэ?
Надад бүх юм нь таалагддаг. Миний дургүйцлийг зөвхөн загварын ертөнцөд гэлтгүй ерөнхийдөө харгис муухай зан, атаархал, муу санаа зэрэг зүйлс хүргэдэг. Би туршилт хийх дуртай болохоор хэзээ ч энэ надад таалагдаж байна, энэ харин огтхон ч таалагдахгүй байна гэх зэрэг эрс шийдэмгий мэдэгдэл хийдэггүй.
Өргөнөөр худалдаалагддаг брэндүүдтэй, жишээ нь H&M -тэй Fendi хамтарч туршилт хийх болов уу?
Карл Лагерфельд үүнийг аль хэдийнэ хийчихсэн. Тэр H&M-д зориулж олон нийтийн цуглуулга бүтээсэн анхны загвар зохион бүтээгч байсан. Би хэзээ ч "хэзээ ч" гэж хэлдэггүй учир яагаад үгүй гэж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт