Стелла МакКартни: “Моод гэдэг нь хуучинсаг бөгөөд урьдчилж таахад хялбар зүйл юм”

Загвар зохион бүтээгчтэй хийсэн ярилцлага

Өнгөрсөн долоо хоногт өөрийн шинэ дэлгүүрийн нээлтэд оролцох гэж Стелла Маккартни Москвад айлчлан ирсэн юм. Тэрбээр Москвад удаагүй ч бид түүнийг “Метрополь” зочид буудлын люкс өрөөнд “барьж авч”, цугларсан олон асуултуудаа тавьж чадлаа

Стелла Маккартни бол юу хүсэж байгаагаа сайн мэддэг, түүндээ хэзээ ч эргэлздэггүй загвар зохион бүтээгчдийн бас хүмүүсийн нэг юм. 1990-ээд онд загварын салбар түүнийг, Beatless -ийн дуучны охин хэмээн үл итгэсэн инээмсэглэлтэйгээр угтан авч байсан. Өнөөдөр Маккартнигийн эзэмшилд дээд зэрэглэлийн ба дэлхий даяар салбарласан брэндтэй загварын ордон, "ready-to-wear" урсгал, үнэртэн, дотуур хувцас, хүүхдийн болон спорт хувцас гэх зэрэг байна. Өнөөдрийн залуухан, цөөн хэдэн загварын ододын нэг бол түүнийх. Зүгээр нэг брэнд биш харин бүхэл бүтэн эзэнт гүрэн. Үүний зэрэгцээ Маккартни бол дөрвөн хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэй, амьтдын хамгаалагч, цагаан хоолтон ба үслэг эдлэлийн эсэргүүцэгч юм. Өөрийн "Метрополь"-д байрших Москва дахь дэлгүүрийн нээлтийнхээ маргааш нь тэрбээр бидэнд алдартай овогтой төрөх ямар байдаг талаар болон яаж дэлхийг үслэг эдлэлээс татгалзуулах талаар ярьж өгсөн юм.

Үнэнээ хэлэхэд та надад үргэлж маш хатуу хүн шиг санагддаг байсан. Тийм болохоор амар биш яриа хийхэд бэлтгэлтэй ирлээ.

Хатуу? Та хатуу байдал гэж яг юу илэрхийлж байна вэ?

Таны хянамгай байдал болон гаднах хатуужилтай зан ааш. Та хамт ажилладаг хүмүүстээ маш их шаардлага тавьдаг байх тийм үү?

Би өөрийнхөө яг аль чиг рүү явж байгаагаа мэдэж байхын тулд хатуу биш харин төвлөрсөн байхыг оролддог.

Харин та дөрвөн хүүхдүүддээ хатуужилтай байдаг уу?

За үгүй дээ, би хатуу ээж биш. Гэхдээ манайд хэрвээ зөрчвөл араасаа үр нөлөө дагуулдаг сахилга батын тодорхой хэдэн дүрмүүд байдаг.

Одоо танд маш том загварын эзэнт гүрэн байгаа тул хэнд ч юу ч батлах хэрэггүй болсон. Мэдээж би таны алдарт овгийн талаар ярьж байна. Урьд нь харин ямар байсан бэ? Энэ нь таны хувьд асуудал болдог байсан уу?

Асуудал гэхээсээ илүү саад тотгор болдог байсан. Тантай хэзээ ч учирч байгаагүй хүмүүс таны талаар урьдчилаад бүгдийг мэдчихсэн байдаг гээд төсөөлөөд үз дээ. Жишээ нь би таны болон таны эцэг эхийн талаар юу ч мэдэхгүй. Сэтгүүлч гэдгийг чинь л мэднэ. Тэгээд л болоо. Харин залуу байхад миний нөхцөлд эсрэгээ байлаа. Би сургуульд сурах гээд ирэхэд бүгд миний талаар мэддэг байсан. Тийм учир бүгд л миний талаар өөрийн гэсэн дүр зураг бүрдүүлсэн байдлаар учирдаг.

Та үүнийг яаж даван туулдаг байсан бэ?

Би үргэлж л өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чаддаг. Тэр дундаа загварын салбарт орохдоо бусдын ор үндэслэлгүй шүүмжлэлийг тоодоггүй байсан.

Гэхдээ хэн ч юу гэж ч байсан Пол Маккартнигийн охин байна гэдэг үнэхээр гайхалтай шүү дээ. Дашрамд хэлэхэд таны Парисын загварын шоуны үеэр би түүнтэй зэрэгцээ сууж үзэж байсан. Энэ бол таны л ачаар болсон шүү дээ

Би удахгүй ийм үйлчилгээний төлөө мөнгө авдаг болно. (Инээж байна.)

Таны цагаан хоолтон амьдралын хэв маягийн талаар асуухгүй байж чадахгүй нь. Та яагаад ийм хэв маяг сонгосон бэ?

Манайх Шотландад нэгэн аж ахуйтай байсан юм. Нэг удаа би хонины мах идээд сууж байхдаа цонхоор хартал бэлчиж буй хонины сүрэг харагдлаа. Тэр мөчид л миний дотор нэг юм өөрчлөгдсөн. Энэ нь миний амьтдыг алах нь муу гэдэг зүйлийг ойлгоход хийсэн эхний алхам байсан юм. Хүнтэй адил тугалд ч гэсэн түүнийг хайрладаг ээж байгаа шүү дээ.

"Би үргэлж л өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чаддаг байсан"

Мах хэрэглэх соёл нь одоо хүртэл хүчтэй байгаа мөн одоо хүртэл үслэг эдлэл хэрэглэдэг хүмүүс ихтэй энэ нийгэмд амьдрахад хэцүү байдаг уу?

Бодит байдал шүү дээ. Энэ дэлхийд маш олон суурьшчихсан, миний эсэргүүцдэг үзэл бодлууд бий. Жишээ нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн хүчирхийлэл, боловсрол эзэмших боломжгүй зарим нэг улс орон, шударга бус улс төрийн тоглоомууд гэх мэт. Гэхдээ би энэ бүхний хажууд амьдардаг, хаашаа ч зугатах боломжгүй. Би зүгээр л ийм нөхцөлд чадах бүхнээ хийж хүмүүстэй мэдээлэл хуваалцаж амьдардаг. Мэдээлэл бол маш чухал зүйл. Би танд баттай хэлэхэд эмэгтэйчүүдийн үслэг эдлэл хэрэглэдэг 90 % нь тэдгээр амьтдаас арьсыг нь хуулж байгаа хэрцгий ажиллагааг харсан бол тэд дахиж хэрэглэхгүй л байх байсан. Түүнчлэн үслэг эдлэл хэрэглэхэд нийгмийн үзэл бодол нөлөөлж байна. Үслэг эдлэл өмссөн хүмүүс нийгмийн нүдэнд арай баялаг харагддаг шүү дээ. Миний хувьд энэ нь маш бүдүүлэг, шударга бус явдал.

Манай Оросод ихэнх үслэг эдлэл өмсдөг эмэгтэйчүүд энэ талаар эсрэг бодолтой байдаг. Багцлаад хэлэхэд тэдний бодлоор Европын амьтад хамгаалагчид -30 ийн хүйтэн гэж юу байдгийг мэддэггүй.

За үгүй байлгүй дээ. Үнэтэй сайн үслэг эдлэл өмссөн орос эмэгтэй болгон бараг хуруундаа аварга том алмазан бөгж зүүсэн байдаг. Тэдгээр эмэгтэйчүүд ихэвчлэн жолоочтой явж байдаг бөгөөд сайндаа л хоёрхон минут гадаа байх шаардлага гардаг. Та юу ярина вэ! Үнэхээр -30 хэмийн нөхцөлд байнгын амьдардаг хүмүүсийг би бас ойлгож болох юм. Тэгсэн ч маргаантай шүү дээ. Эверест уруу авирдаг уулчдыг харл даа. Тэд үслэг эдлэл өмсдөггүй, харин хөнгөхөн, өндөр технологиор хийгдсэн материалтай, үнэхээр халуун байлгаж чаддаг зүйлс өмсдөг. Үслэг эдлэл халуун байлгахдаа биш та нарын чинээлэг байдлыг л харуулдаг. 200 жилийн өмнө үслэг эдлэл ямар ч маргаан төрүүлдэггүй байсан. Харин өнөөдөр 2014 онд түүнийг хэрэглэж болох нэг ч шалтгаан байхгүй.

Таны гэр бүлийн сэдэв уруу буцъя. Танд дөрвөн хүүхэд бий. Бүгд л мэдээж өөртөө их анхаарал шаарддаг байх. Загварын салбар бол маш их цаг зав шаардсан, гэр бүлээс сатааруулсан, олон хүүхэдтэй ээжүүдэд төдийлөн тохиромжтой ажил биш юм шиг ээ.

Миний хувьд бол бүх юм эсрэгээрээ. Миний хүүхдүүд намайг загварын салбараас сатааруулдаг юм. Тэд үргэлж нэгдүгээр байранд байдаг.

Таны загварын шоунуудын урилгыг харахад хүртэл хүүхдэд хайртай тань маш их анзаарагддаг. Урилгууд маш хөгжилтэй бас сэтгэл хөдөлгөм харагддаг.

Тийм ээ. Надад урилгууд гэгээлэг болон хөгжилтэй байх санаа маш их таалагддаг. Би юм бүтээчихээд сүүлд нь хаях үнэхээр дургүй. Хэрвээ юм бүтээх гэж байгаа бол анхнаасаа хүмүүс өөртөө авч үлдмээр санагдтал гоё зүйл хийх хэрэгтэй. Өөрөөр би урлагийн утгыг олж хардаггүй. Би ээлжит урилганы загварыг бодож байхдаа зочин маань дараа нь эгчдээ, охиндоо эсвэл ач охиндоо бэлэглэж болох юм бүтээхийг хүсдэг.

Таныг феминист загварын дамжуулагчдын нэг хэмээн боддог. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

Намайг дөнгөж загварын салбарт ажиллаж эхэлж байхад эмэгтэй хүн өмсөж болохуйц загвар зохион бүтээгчийн хувцас олоход их ховор байлаа. Мөн "эмэгтэй хүнд өмсөж болох хувцас бүтээдэг эмэгтэй хүн" гэсэн зарчим тэр үед таашаагддаггүй байсан. Одоо л энэ салбарт бодит хүмүүст зориулсан өмсөж болохуйц хувцас хийх нь зөв бас шинэлэг гэж тооцогддог болсон болохоос биш хуучин эсрэгээрээ байдагсан даа. Цаг үе, үзэл бодлууд өөрчлөгдсөн нь ч болсон юм. Надад өнөөдрийн загварын ертөнцөд ажиллах хамаагүй сонирхолтой байна. Ерөнхийдөө би загварын жинхэнэ нүүр царайг эрэгтэй биш эмэгтэй гэж үздэг. Загварт маш олон эмэгтэйчүүд ажиллаж байгаа, тэдний ихэнх нь гайхалтай хүмүүс.

"Эверест уруу авирдаг уулчдыг хар л даа. Тэд үслэг эдлэл өмсдөггүй, харин хөнгөхөн, өндөр технологиор хийгдсэн материалтай, үнэхээр халуун байлгаж чаддаг зүйлс өмсдөг"


Харин гайхалтай эрчүүд загварт олон болов уу?

Тэгэлгүй яах вэ. Тэд ч бас цөөнгүй шүү.

Та өмнө нь Chloe-гийн загварын ордонд ажилласан. Хэрвээ өнөөдөр танд тэр түүхэн брэндийг удирдах санал ирвэл та зөвшөөрөх байсан уу?

Надад тиймэрхүү санал олон ирдэг байсан. Гэхдээ би өөрийн брэнддээ байж болох хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг. Энэ бас үнэндээ цаг хугацааны асуудал юм. Би өөрийн цагаа хамгийн ашигтай байдлаар зарцуулмаар байна. Яг одоогийн байдлаар би зуун жилийн түүхтэй брэндээс ямар ч ялгаагүй, адилхан чухал өөрийн загварын ордоноо хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаа. Нэгэн үе би хамгийн алдартай болон хүндтэй брэндүүдтэй тохиролцоо хийдэг байхдаа өөрөөрөө их бахархах сэтгэл төрдөг. Надад яг л миний амжилтын үе ирсэн юм шиг, өөрийгөө зүгээр нэг алдартай дуучны охин биш, харин амжилттай загвар зохион бүтээгч боллоо гэж боддог байсан. Гэхдээ дараа нь тэр үе маань өнгөрсөн.

Таныг зүгээр нэг алдартай дуучны охин биш гэдгийн баталгаа болгож өөрийнхөө нэгэн загварын салбарын талаар төдийлөн сайн мэдлэггүй найзынхаа тухай хэлэх гэсэн юм. Тэр Stella McCartney брэндийн ард Пол Маккартнигийн охин байдгийг мэдээд маш их гайхаж байсан. Тэр та хоёрыг зүгээр л ижилхэн овогтой гэж боддог байсан.

Баярлалаа, ийм зүйл сонсоход таатай байна. Үнэндээ би энэ асуудлаа даван туулж чадсан. Би өөрийгөө маш бие даасан мэт мэдэрч байгаа. Тэгсэн хэдий ч өөрийн гэр бүлээрээ үнэхээр их бахархдаг.

Та өөрийгөө загварын том тоглоомын нэгэн хэсэг гэж боддог уу? Гаднаас харахад та өөрийгөө тэр тоглоомоос тусгаарлахыг оролддог мэт харагддаг.

Таны зөв. Би зурагчид, яруу найрагчид, бүжигчид гэх мэт олон урлагийн хүмүүсээр тойруулсан хөгжмийн гэр бүлд өссөн. Тийм болохоор би загварын салбарт ороход надад одоо л нэг зөв хүрээлэлдээ орлоо доо гэсэн мэдрэмж байгаагүй. Надад тэр үед аль хэдийнэ гайхалтай авьяаслаг найзууд байсан болохоор "үлгэрийн ертөнц" урүү орсон мэт санагдаагүй. Өнөөдөр надад загварын салбарын олон найзууд байдаг хэдий ч өөр салбарын найзууд хамаагүй их бий. Тийм ээ, би загварт ажилладаг, гэхдээ загварыг бусдаасаа арай өөрөөр хүлээж авдаг нэгэн. Би маш өөр ертөнцийн хүн. Намайг анх загварт орж байхад үл итгэсэн байдлаар хүлээж авч байсныг сайн санаж байна.

"Би загварын салбарт ороход надад одоо л нэг зөв хүрээлэлдээ орлоо доо гэсэн мэдрэмж төрөөгүй"


Тийм ээ, таныг Chloe -гийн загвар зохион бүтээгчээр томилогдож байхад Карл Лагерфельдийн хэлсэн үгийг ихэнх хүмүүс одоо хүртэл санаж байгаа. Тэр тэхэд Chloe загварын ордон маш том нэртэй хүн ажилд авч байна, гэхдээ загварын биш хөгжмийн нэртэй гэж хэлж байсан. Карл танаас уучлалт гүйх хэрэгтэй байх.

За больж үз дээ! Би иймэрхүү зүйл дээр инээгээд л өнгөрдөг. (Инээмсэглэв)

Загварыг юу орчин үеийн болгож харагдуулдаг вэ?

Орчин үеийн харагдах гэж хичээх нь өөрөө орчин үеийн үйлдэл биш юм. Орчин үеийн харагдах биш харин байх хэрэгтэй. Өөрийн хувь чанартаа тохируулж, юу өмсөж, юу худалдан авч байгаагаа ойлгож байх хэрэгтэй. Бүгд л өмсөж байгаа болохоор гээд яг одоо "халуухан" байгаа брэнд урүү шуурч юм авах нь үнэхээр утгагүй. Энэ чинь огтхон ч орчин үеийн биш. Ер нь "моод" гэдэг үг хэзээ ч надад ойр байгаагүй, энэ үг ердөөсөө ч миний тухай биш. Загвар гэдэг үг бол өөр хэрэг. Энэ нь их орчин үеийн ойлголт юм. Харин моод гэдэг нь хуучинсаг бөгөөд урьдчилж таахад хялбар зүйл юм.

Хэн таны гол шүүгч вэ?

Би өөрөө. Мөн миний хувцсыг худалдан авдаг эмэгтэйчүүд.

Таны тухай загварын шүүмжлэгчдийн бичдэг зүйлсийг та уншдаг уу?

Хааяа л. Би шүүмжлэлд нэг их ач холбогдол өгдөггүй ч гэсэн, миний шинэ цуглуулгыг хараад бүх шүүмжлэгчид муугаар бичвэл би сэтгэлээр унана. Гэхдээ би азтай байдаг шүү. Ихэвчлэн сайн зүйлс бичдэг. Тэгэхээр бид зөв чиглэлээр явж байна гэсэн үг.

 

Ө.Тодгэрэл

2015-06-29, 08:50

  • Зураг: GettyImages