Яагаад "эйжизм" муу гэж, харин ч фотошоп илүү муу биш үү

Шэрон Стоунд тохиолдсон жишээ байж боломгүй гоёчилсон явдлын жишиг гэлтэй

Америкийн Harper's Bazaar сэтгүүл 57 настай Шэрон Стоуны нүцгэлсэн зургуудыг нийтлэхдээ зургаа ихээхэн засч, гоёжээ. Тэгвэл ийм бодит бус зураг авалт феминизм болон эйжизмтэй тэмцэхэд ихээхэн саад учруулна хэмээн Елена Стафьева үзэж байна

Загварын ертөнц, гялгар сэтгүүлүүд, реклам бүтээгчдийн зүгээс ахимаг насны эмэгтэйчүүдэд гаргаж байгаа өнөөдрийн сонирхол бол феминизмын* үр дагавар мөнөөс мөн. Бид зөвхөн фэйшн-моделийн ертөнцөөс цорын ганц Тильда Суинтоныг (Chanel, Nars, Pomellato, Mercedes-Benz-ийн сонголт) онцолж байгаа биш бусад бүгдийн тухай л энэ сэдвийн хүрээнд өгүүлж байгаа. Эхнээс нь нэр дурдвал 49 насандаа 35-тай юм шиг харагдах Сальма Хайекийг хэлье. Тавин насандаа гялалзах Моника Беллуччи зөвхөн Dolce & Gabbana-гийн рекламд зургаа авахуулж байгаа юм биш. Сэм Мендесийн киноны Бондын найз бүсгүйн дүрийг тэр бүтээгээд л явж байна. Бондын шүтэн бишрэгчид үүнийг сонсоод "Тэр чинь 50 настай!" гээд л чарлацгааж байлаа. Marc Jacobs-т Жессика Лэнг, Louis Vuitton-д Шарлотта Генсбур, Женнифер Коннелли, Versace-д дахиад л Мадонна, Lancôme-д Жулия Робертс. Ер нь Кейт Моссын талаар энд яриад ч хэрэггүй биз. Céline брендийн сонголт нь ная хүрсэн Жоан Дидион, Saint Laurent-ийнх 71 настай Жони Митчелл гээд үргэлжлэнэ. Гялгар сэтгүүлүүдээс салдаггүй 93 настай Айрис Апфелийн  тухай "Iris" нэртэй баримтат киног Альберт Майзелс бүтээсэн байгаа.

Хувь хүн нэгэнт бүрэлдэн бий болсон бол тэр хэзээд залуу нас, гоо үзэсгэлэнгийн адил сонирхолтой. Хүний өөрийнх нь цар хүрээ цөөнгүй тохиолдолд хөл, хүзүү, хөх гэх мэт залуу бие галбираас дутахааргүй ажиллаж чадна гэдгийг эцсийн эцэст фэйшн зах зээл ойлгосон бололтой.

Шэрон Стоуны зургууд Harper's Bazaar сэтгүүлийн Америк хувилбарт гарч ирэв. Тэнд, 57 настай Стоун нүцгэлжээ. Нүцгэлэв гээд энэ пуритан (англ. Puritans, puritas - цэвэр гэсэн латин үгнээс) америк гялбаа бидэнд юу ч харуулахгүй гэдгийг эрх биш бүгд ойлгоно. Хаагдах зүйлүүд нь хаагдсан л байгаа. Гэхдээ засч залруулдаг америк уламжлалд хэрэг явдал байгаа юм биш. Сэтгүүлийн хуудасны эдгээр зургууд дээд зэргээр засагдсанд учир утга нь байгаа юм. Өршөөлгүйгээр, 57 настай Шэроны бие галбирийг пластик болгоод тавьчихжээ. Хорин тавт ч болгосонгүй, ерөөсөө л бүрэн хэмжээний пластик загвар. Учир нь амьд хүний арьс ийм ер бусын гөлгөр биш.

Бүх загварын гэрэл зургууд фотошоп гарч ирэхээс зуун жилийн өмнө засагдаж, төгсжүүлэх алхам хийдэг байсан түүхтэй. Бүтээлийн дараах бүтээлд юуг онцлох гээд байгаа нь сонин юм. Ерөнхий дүр төрхийг уран сайхантай болгох гээ юу. Чиг хандлагаа тодорхойлох гэв үү, эсвэл үрчлээ нугалаа бүгдийг нь арилгасан тэнэглэл үү. Эхнийх нь зөв, дараагийнх нь буруу байж таарах нь ээ. Энэ зэрлэг засвар нь уран сайхны өндөр биш түвшний зургуудийг ёстой л бүдүүлэг болгоод өгч дээ. Америкийн Harper's Bazaar сэтгүүлийн дуртай Марк Абрахамс дунд гарын гэрэл зурагчин гэдэгт учир нь байгаа биш л дээ. Түүнд муугүй зургууд бий. Деннис Хоппер, Хоакин Феникс, Уиллем Дефо нарын эрчүүдийн хөргүүд гэх зэргийн дажгүй бүтээлтэй. Харин Стоуны зургууд бидэнд юу үзүүлэх гээд байна вэ? Өндөр өсгийтэй шаахай дээр зогссон нүцгэн бүсгүй, өргөгдсөн өгзөг, шахагдсан хөх, айлгүйхнээр хаагдсан умдаг (тэр хэсэг нь хямдхан хуван хүүхэлдэйг санагдуулсан энэ кадр эдгээр зургуудаас хамгийн муу нь) гээд л тэр чигтээ нэгэн хэвийн тамгалал. Хангалттай олон тооны үзэгчдэд зориулан камерийн өмнө нүцгэлсэн тавь гараад байгаа эмэгтэй ийм хоёрдугаар сортын зургуудыг хүсээ гэж үү.

Шэрон Стоун Harper's Bazaar сэтгүүлд, 2015 оны есдүгээр сар


Энэ түүхийн хамгийн сонирхолтой нь олон нийтийн сэтгэгдэл. Их дажгүй, шагширсан маягийн. "Ура, тэр 57 настай!" гээд л эр эмгүй л биширцгээж байна. "Тийм ээ, тэр 57 настай гэх та нарын урамыг хугалахад, Шэрон энэ зурагт байгаадаа ойрхон ч очихгүй" гэж хэлмээр санагдах юм. Сайхан л харагдаж байна. Гэхдээ 50 настай эмэгтэй үрчлээ, нугалаатайгаараа дэгжин, амьд харагдаж болно. Харин ч сайхан, секси байж магадгүй.
Үүний зэрэгцээ зургийг дагалдсан ярилцлагад Шэрон Стоун нас намбадаа таарсан нэлээдгүй ухаалаг зүйлийг өгүүлсэн байна лээ. "Тийм ээ, миний өгзөг унжсаныг би мэднэ", "Дур булаам байдал гэж шовойсон хөхийг хэлэхгүй", "Бүхнээс гоё харагдана гэж би хичээдэггүй" гэх мэтээр насандаа орчин үеэрээ хандсан байв.

Ер нь үүнийг энэ намар TNT хийх ёстой олон ангит киноны нээлтэд зориулжээ. "Agent X" олон ангит кинонд Шэрон Америкийн дэд ерөнхийлөгчийн дүрийг бүтээсэн. Харин ярилцлагын хажууд байгаа гэрэл зургууд нь түүний яриатай огт нийцсэнгүй. "Бид олон нийтийн орон зайд 50 настнуудыг оруулж ирнэ. Гэхдээ харин тэднийг гялалзтал нь фотошопдоно. Бидний мэдрэмжийг доромжлуулахгүй" гэж зургууд өгүүлээд байх юм. Ёстой л хоёр нүүр гаргана гэж энэ мөн дөө.
Ийм маягийн зураг авалтууд феминизмын үйл хэрэг, эйжизмтай** тэмцэхэд ихээхэн саад болно. "50 нас шинэ 30" гэсэн өнөөгийн супер алдартай санааг та явуулахаар шийдлээ гэхэд ядаж бодит байдалд нийцэхээр 50 настай эмэгтэйн хүнлэг зургуудыг харуулах хэрэгтэй юм л даа.

Шэрон Стоун Harper's Bazaar сэтгүүлд, 2015 оны есдүгээр сар

Хоёр нүүр гаргах нь ерөнхийдөө бол нийгэмд хэрэгтэй эд. Хоёр нүүр гаргахгүйгээр ямар ч тэвчээр, улс төрийн соёл явахгүй. Чиний юу бодох нь хамаагүй, нийгмийн орон зайд өөрийгөө зөв авч яв. Хэн нэгэн чамаас өөр гээд түүнийг хуруугаараа чичлэх хэрэгүй. Хоёр нүүр гаргах дээр л нийгмийн гэрээнүүд ихэнхидээ тогтож байдаг. Гэхдээ хоёр нүүр гаргахад давс хужрыг нь сайтар тохируулсан байх ёстой. Тийм ээ, 25-тай бүсгүйчүүд шинэлэг, сайхан харагдахыг бид ойлгоно. Ингэлээ гээд өвдөг, тохойгоо ил гаргах гэсэн 50 настай эмэгтэйчүүдийг бид ад үзэхгүй. Наадхаа хаагаач гээд араас нь хашгирахгүй. Үүний хажуугаар орчин үед насны хязгаар холдож байгааг бид ойлгоно. Ахимаг настнуудад амьдрал их байдаг учир тэдэнд өөрийн  гэсэн татах увидас бий гэж мэднэ. Ерөнхийдөө, энэ орчин цаг их ээдрээтэй. Нийгэм хүлээж авч чадах хоёр нүүр гаргалтын шаардлагатай хэм хэмжээнээс л элдэв тэсвэр тэвчээр, хүнлэг ёс үүсдэг гэхэд буруутахгүй байх.

Гэхдээ тавин настанг сэтгүүлийн хуудаснаа хорин настан болгоод өөрийгөө дэвшилттэй гэж үзэх нь хортой, аюултай хоёр нүүр гаргалт юм. Түүнийг нь бишрэн шагшрах нь бүдүүлэгээс гадна насыг үл огоорч байснаас илүүтэй тэнэглэл биш үү.

* Фемини́зм- femina, "эмэгтэй хүн" гэсэн латин үгнээс. Нийгмийн бүхий л салбарт эмэгтэй, эрэгтэйчүүд тэгш эрхтэй байхын төлөөх эрмэлзэл бөгөөд өргөн утга агуулсан нийгэм, улс төрийн хөдөлгөөн.

** Эйжизм- англиар ageism. Насаар ялгаварлан үзэхийг хэлэх улс төрийн томъёолол. Энэ томъёоллыг АНУ-ын хөгшрөлтийн үндэсний хүрээлэнгийн захирал Р.Н.Батлер 1968 онд анх удаагаа гарган хэрэглэжээ. 

Buro.Mongolia

2016-03-08, 12:00

  • Зураг: