Залуус загварт булангийнхаа дараагийн дугаараар 2018 оноос хойш Монголд хувийн стилистээр ажиллаж буй Сүрээг онцолж байна. Хүмүүс @stylebysuree гэх Instagram хаягаар нь түлхүү мэддэг түүний ажил мэргэжлийн онцлог, одоогийн карьераа бий болгосон туршлагын тухай энэхүү нийтлэлдээ багтаалаа.
Анх гэр бүл, хамаатныхаа эгч нартаа хонхны баяр, шинэ жилийн хувцас сонгоход туслахаар хамтдаа дэлгүүр хэсдэг байсан Сүрээ охин стилистийнхээ гарааг аль эртнээс эхлүүлчихсэн байснаа өөрөө ч мэдээгүй юм. Хожим нь Франц улсын анхны загварын сургууль гэгддэг “École supérieure des arts et techniques de la mode”-ыг амжилттай дүүргэж, одоо Монголдоо хувийн стилистээр ажиллаж байна. Тэрээр зөвхөн Монголд төдийгүй Сингапур, Франц улсад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай билээ.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Сүрээ гэдэг. Би Монголдоо 2018 оноос эхлэн хувийн стилист чиглэлээр ажиллаж байна.
Хэзээнээс анх загварын сонирхлоо нээж илрүүлсэн бэ?
Би бага байхын л аав, ээжийнхээ хувцсыг нууцаар өмсөж, өөрийн гэсэн төрхөө бүрдүүлчхээд сэтгэл өөдрөг гүйдэг байсан. Сургуулийнхаа хөдөлмөрийн хичээлд их сонирхолтой. Загвар өмсөгч, аль эсвэл дизайнер болно гэсэн хүсэлтэй байлаа. Гэхдээ яг ч санаснаар болоогүй.
Ямар мэргэжилтэй вэ?
Аялал жуулчлал, зочид буудлын удирдлага чиглэлээр эхлээд Монголдоо, дараа нь Сингапур улсад суралцаж төгсөөд тэндээ мэргэжлээрээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа давхар хувийн худалдан авагч (personal shopper) хийж хэд хэдэн үйлчлүүлэгчтэй болон тэд нарынхаа имиж бүрдүүлэлтийг хариуцаж байсан юм. Тэр үеэс загварын ертөнц зөвхөн модель, эсвэл дизайнер гэсэн мэргэжлээр хязгаарлагддаггүй болохыг ойлгож, сонирхлоо мэргэжил болгохоор шийдсэн.
Хэзээнээс загварын чиглэлээр суралцсан бэ?
Сингапурт ажилласныхаа дараа эргээд Монгол руугаа буцсан юм. Тэр үеэс Нью-Йорк, эсвэл Парист загварын чиглэлээр сургууль хайж эхэлсэн. Аль хэдийнээ 26 нас хүрчихсэн, хоёр сургууль төгссөн ч хоёрхон жил хүссэн мэргэжлээрээ суралцаад ирэхэд алдах зүйлгүй гэж дүгнэсэн бөгөөд дөрвөн сарын турш шалгуулсны эцэст “тэнцлээ” гэсэн хариугаа хүлээн авч чадсан.
Ямар сургуульд тэнцэж орсон бол?
Францын хамгийн анхны загварын сургуульд тооцогддог “École supérieure des arts et techniques de la mode”-д олон улсын тансаг зэрэглэлийн брэнд менежмент чиглэлээр элсэн орсон. Суралцаж байхдаа хувь хүний имиж бүрдүүлэлт, стайлинг талдаа илүү сонирхолтойгоо мэдэж, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн юм.
Францад загвараар сурч, ажилласан туршлагаасаа хуваалцаач?
Манай ангид 25-40 насны бүгд загварт ажиллаад үзчихсэн туршлагатай оюутнууд сурдаг байсан. Манай сургууль онолын хичээлүүдээс гадна оюутнуудаа маш олон практик хичээлд хамруулж, ажил дээр гарахад бүх талаараа бэлтгэгдсэн боловсон хүчин бүтээдэг гэж хэлнэ. Тухайлбал, хувцас дизайнерын ангийнхантайгаа түлхүү хамтардаг байв. Тэд цуглуулгаа урлана, харин бид тухайн хувцсыг нь ямар хүмүүст хэрхэн борлуулах талаас нь судална. Яг жинхэнээсээ компаниа үүсгэн байгуулна, газраа түрээсэлнэ, ус цахилгааныхаа мөнгийг төлнө, хүмүүс ажилд авна, экспод оролцоно, загварын шоу зохион байгуулна. Анх тэгээс эхлэн брэнд бий болгоход хэрэгцээтэй бүх зүйлийг биеэр туулсны эцэст дипломоо хамгаалж байсан.
Ажлын хувьд Isabel Marant, Rick Owens брэндэд гурван загварын долоо хоног дараалан шоурум дээр нь ажиллаж байсан. Мөн хажуугаар нь хувийн худалдан авагчаа хийгээд явсан. Rick Owens-д үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч хувийн шалтгаанаар Монгол руугаа буцсан юм.
Монголд стилистийн эрэлт ямар түвшинд байна гэж хардаг вэ? Үйлчлүүлэгч олоход бэрх байдаг уу?
Хүмүүс гадаад төрх, хувцаслалтдаа илүү анхаардаг болохын хэрээр хувийн стилистийн эрэлт ч мөн нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс үсчин, нүүр будалтын артист дээр очиж үйлчилгээ авдгийн чинээгээр мэргэжлийн стилистээс зөвлөгөө авдаг болно гэдэгт итгэдэг. Ингэхдээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах үүднээс зохих сургуулийг нь дүүргэсэн мэргэжлийн стилист олон болоосой гэж хүсдэг.
Миний хувьд нэг үйлчлүүлэгч маань нөгөөдөө зөвлөх замаар буюу амаас амд дамжих байдлаар дийлэнх хүмүүсээ бүрдүүлсэн байна. Дүүдээ, танилдаа, найздаа намайг санал болгодог гэсэн үг.
Миний хувьд нэг үйлчлүүлэгч маань нөгөөдөө зөвлөх замаар буюу амаас амд дамжих байдлаар дийлэнх хүмүүсээ бүрдүүлсэн байна. Дүүдээ, танилдаа, найздаа намайг санал болгодог гэсэн үг.
Таны бодлоор хувийн стилист гэж хэн бэ?
Үйлчлүүлэгчийнхээ байж болох хамгийн үзэсгэлэнтэй сайхан төрхийг хувцас, нүүр будалт, үс засалтын тусламжтайгаар бий болгодог хүнийг хэлнэ. Хувийн стилист дан ганц бүтээлч байгаад зогсохгүй тухайн хүний сэтгэлзүйн онцлог, биеийн харьцааг цогцоор нь харж, мэдэрдэг байх учиртай.
Яагаад сэтгэлзүйн мэдлэг гадаад төрх бүрдүүлэхэд чухал вэ?
Сэтгэлзүйн хичээл загварын ангийн маань сургалтын системийн нэг хэсэг байсан. Ялангуяа брэнд менежмент чиглэлээр суралцдаг байсан тул хэрхэн тухайн хувцсыг зарж борлуулах талаар сэтгэлзүйн түвшинд судалдаг байсан юм.
Ажиллаад эхлэхэд чиний үйлчлүүлэгчид өөрсдийнхөө юу хүсэж байгааг мэдэхгүй тохиолдол маш их гардаг. Тиймээс удаан ярилцаж, тухайн хүний сэтгэлзүй, оюун санаа руу өнгийн орох шаардлагатай болно. Өөрийн чин хүслийг ажлын шаардлагаар, эсвэл бусдын хэл амнаас шалтгаалан дарах зэрэг асуудлын гол зангилааг сэтгэлзүйн мэдлэгийн тусламжтай оновчтой илрүүлж чадна.
Үйлчлүүлэгчийнхээ гадаад төрхийг бүрдүүлэхдээ юунаас эхэлдэг вэ?
Ярилцахаас эхэлнэ. Ингэснээр нэг нэгнийхээ хүлээлт, шаардлагыг мэдэх боломжтой болдог. Тухайлбал, миний үйлчлүүлэгч нарын дийлэнх нь 28-аас дээш насны бүсгүйчүүд эзэлдэг юм. Энэ насны эмэгтэйчүүдийн биеийн санаа зовниж явдаг хэсгүүд ойролцоо байдаг ба үүнийгээ дагаад миний өгөх зөвлөгөө ч агуулгын хувьд ойртох тохиолдол гардаг.
Дараа нь мэдээж хувцасны шүүгээг нь биеэр очиж харна. Тэндээс үйлчлүүлэгчийнхээ биеийнхээ аль хэсэгт дурамжхан байдаг, ямар өнгө, материалд дуртай, юунд илүү мөнгө зарцуулдаг, эсрэгээрээ хэмнэдэг гэх мэт мэдээллийг авч чаддаг. Ингээд ярилцах үед авсан мэдээллээ хувцасны шүүгээг хараад хийсэн дүгнэлттэйгээ холбон тухайн хүнд тохирсон чиглүүлэг гаргах боломжтой болдог юм. Тэрнээс биш дэлгүүр ороод хамгийн гоё, хамгийн үнэтэйгээс нь аваад өмсүүлнэ гэдэг учир дутагдалтай. Хэчнээн үйлчлүүлэгч чинь өмсөнө гэж хэлж болох ч биеийн хэлэмж, харц болон алхалтаас нь бүрэн сэтгэл ханамж мэдрэгддэггүй.
Стайлинг хийх ур чадварт суралцах боломжтой юу, эсвэл цэвэр заяагдсан чадвар гэж боддог уу?
Авьяас 2% бол хөдөлмөр 98% гэж хэлнэ. Онолын мэдлэгээ практик туршлагатайгаа хослуулахын сацуу өөрийн мэдрэмжид тулгуурлан стилистийн чадварыг эзэмших боломжтой.
Төрхийг нь бүрдүүлж өгөхөөс гадна өөр юун дээр нь анхаарч ажилладаг вэ?
Хумсны будгийн өнгөнөөс эхлэн зочны өрөөний буйдан хүртэл сонгодог гэхэд болно. Олон жил хамтарч ажиллахаар яг л гэр бүл шиг уур амьсгал бүрдчихдэг учраас гэрийг нь тохижуулж өгсөн, бэлэг сонгоход нь тусалсан тохиолдлууд бий.
Мөн би үйлчлүүлэгчдийнхээ гэрээр 7-10 хоногтоо нэг удаа очдог юм. Хувцасны шүүгээг нь онгойлгоод хими цэвэрлэгээнд өгөх, эсвэл оёдолд өгөх хэрэгцээтэй хувцсыг нь авч явна. Мөн ямар материалтай аль хувцсыг ямар угаалгын нунтгаар, хэдэн градуст угаах талаар нь хүртэл зааварчилж өгдөг. Энэ бүх ажлыг ихэнхдээ туслах маань амжуулдаг.
Өөрийн загварын сонирхол, хэв маягийг юу гэж тодорхойлох вэ?
Өөрийн стилиэ модерн, классик, эмэгтэйлэг, контемпорари бөгөөд цэмцгэр гэж тодорхойлно.
Монголчуудын хувцаслалт дээрээ гаргадаг нийтлэг алдаанаас дурдахгүй юу?
Монголчуудыг ганган гэж ярьдаг. Энэ нь хэдийгээр давуу тал боловч ганганаа хэтрүүлэх нь бас бий. Өмсөж байгаа брэндийнхээ мөн чанар, агуулгыг ойлгох хэрэгтэй санагддаг. Дэлхийн дулаарал, хөрсний бохирдол зэрэг асуудалд санаа зовдог хэр нь масс үйлдвэрлэлтийн брэндүүдээс маш их худалдан авалт хийх хандлагатай. Улмаар авсан хувцсаа хайрлахгүй, арчилгааг нь буруу хийж дахин дахин худалдан авалт хийж байгаад нь мэргэжлийн хүний үүднээс санаа зовдог. Хувцасныхаа тоон дээр анхаарснаас чанарт ач холбогдол өгөх нь зүйтэй. Тиймээс юун түрүүнд хоорондоо хослох боломжтой үндсэн суурь хувцас авч, авсан хувцсаа зөв арчилж өмсөөсэй гэж боддог.
Түүнчлэн эмэгтэйчүүд хувцасныхаа хэмжээнд маш их ач холбогдол өгдөг. Гэтэл тухайн хувцасны эсгүүр нь материал, хэмжээнээс илүү чухал гэдгийг ойлгоосой. Аливаа худалдан авалт хийхдээ тухайн газрынхаа зөвлөхтэй ярилцаж, хувцасны “S, эсвэл XS хэмжээг авчраад өгөөч” гэж хэлэхийн оронд “энэ загвараас надад таарах размерыг олоод өгөөч” гэх нь зүйтэй. Ихэнх эмэгтэйчүүд турчих юм чинь гээд бага размер авах, эсвэл би угийн S өмсдөг гэх хандлага гаргадаг. Яг үнэндээ таны хувцасны хэмжээ биш, харин зөв суулт, тав тух илүү чухал юм.
Би бүх үйлчлүүлэгч нартаа гурван талтай толины өмнө нүцгэн зогсоод өөрийгөө удаанаар, анхааралтай ажиж биеийнхээ сэтгэл хангалуун, мөн сэтгэл хангалуун бус хэсгээ үнэнчээр хүлээн зөвшөөрөхийг зөвлөдөг. Ингэснээр тренд хөөх нь чухал уу, эсвэл өөрийнхөө шилдэг хувилбарыг бүтээх үү гэдэг шийдвэрийг итгэлтэй гаргаж, өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж чадна.
Эцэст нь асуухад, та яагаад цахим орчинд нүүрээ далдалсан зургаа хийдэг вэ?
Би үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа ил тод нээлттэй байдаг. Харин олон нийтийн сүлжээнд мэргэжилтэйгээ холбоотойгоор дан ганц өөрийн стиль, загвар, хувцасны зохицлыг хүмүүст харуулахыг зорьдог. Үйлчлүүлэгчид маань ч миний хувцаслалтыг таашаасан болохоор намайг сонгож зөвлөгөө авдаг болов уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт