Загварын ертөнцөд шинэ Од төрөн гарч ирлээ
Хаанаас ч харсан танигдах өвөрмөц хээ, ухаалаг шийдэлтэй гудамжны хувцаснуудаараа олон улсын түвшинд нэрээ таниулсан House of Od брэнд яг л шинэхэн агаар мэт Монголын загварын салбарт нэвтрэн орж ирлээ
Хоёр хоногийн өмнө Америкийн Vogue сэтгүүлийн вебсайт дээр Монголоос гаралтай дизайнер Н.Одмөнхийн үүсгэн байгуулсан House of Od брэндийн талаарх нийтлэл гарсан нь дотоодын загварын салбарыг шуугиуллаа. Камуфляж хээг санагдуулах атлаа цоо шинэ мэдрэмж өгөх тэрхүү өнгө, өнгийн өвөрмөц хээ биднийг ховсдох мэт санагдаж, үүний цаана ямар утга, учир агуулагдаж буйг сонирхоход хүргэсэн юм. Ийм ч учраас Бюро 24/7 манай уншигчдад төдийлөн танигдаж амжаагүй боловч аль хэдийнэ дэлхийн хэмжээний түвшинд нэрээ дуулгаад амжсан, өдгөө 28 настай дизайнер Н.Одмөнхтэй уулзан түүний дотоод ертөнцийг багахан ч болов уу судаллаа.
Н.Одмөнх Бюро 24/7-гийн офис руу алхан орж ирэх үед түүний өмссөн хоёр талаараа цахилгаантай гүн цэнхэр өнгийн жийнсэн өмд, нэхий хүрэм дотроос цухуйх өнгөлөг хээтэй футболка, нил ягаан өнгийн цагирган ээмэг зэрэг нь нэн даруй түүний өөрийн загварууд болох нь танигдаж, дахин давтагдашгүй стиль бүрдүүлсэн байлаа. Урьд өмнө нь үзэгдэж байгаагүй өвөрмөц хээ бүтээснээр Од ийнхүү хаанаас ч харсан танигдах, брэндийнхээ онцлогийг бий болгож чаджээ. Бидний яриа өрнөх үед Од загвар гэдэг зүйлтэй бүр багаасаа холбогдож, дизайнер гэх тодотголд хүчээр бус харин байгалийн аясаар хүрсэн нь илт болсон юм. Тэрээр хамгийн анхны загвараа бага ангидаа гаргасан бөгөөд багаасаа л өөртөө хувцас урлан өмсөх дуртай нэгэн байж. "Арван жилд байхад найзууд миний цаг завыг асууж, дэлгүүрээс хувцас авахдаа надаас зөвлөгөө авдаг байлаа. Би багын л загварт маш их сонирхолтой. Өөрийн мэдэлгүйгээр л үүнийг хийдэг байсан" хэмээн дизайнер дурслаа.
Н.Одмөнх загварыг юуны түрүүнд дуу, хөгжмөөр дамжуулан харж, урлагийн ертөнцийг бүхэлд нь өөрийн бүтээлч санааны гол эх үүсвэр болгодог. 17 насандаа Швед улсыг зорьсон тэрээр коллежид загварын чиглэлээр суралцаж, дараагаар нь урлагийн сургуульд элсэн оржээ. Од урлагийн сургуульд байхдаа Drain Gang хамтлагийн рэпер Ecco2K-тэй танилцаж, 2014 оноос эхэлж Sad Boys хамтлагийн гол төлөөлөгч Yung Lean болон Drain Gang-ийн гишүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Бүр тодруулбал Од тэдэнд зориулан хувцас урлаж, бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэж иржээ. Шведийн эдгээр рэпер залуус сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, хөдөлгөөн үүсгээд байгаа бөгөөд үүгээрээ загварын салбарт ч бас багагүй нөлөө үзүүлсэн. YouTube дээр 31 сая үзэлттэй Yung Lean-ы "Kyoto" дууны клипийг сонирхоод үзвэл Н.Одмөнхийн өвөрмөц гоо зүйн мэдрэмжийг бага ч болов уу ойлгох биз ээ.
Vogue сэтгүүл дээр гарсан сэтгэгдлээс нь асуухад түүний нүүрэнд чин сэтгэлийн инээмсэглэл тодорч, хариулт өгөлгүй чимээгүй өнгөрсөн нь түүний даруухан занг илтгэх гэлтэй. Харин энэ талаар илүү тодруултал тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард Vogue сэтгүүлийн зүгээс e-mail хүлээн авч, ийнхүү өөрийнхөө ажлыг таниулах боломжтой болсноо ярьсан юм. Сонирхолтой нь энэ нь түүний анх удаа Vogue сэтгүүл дээр гарсан явдал биш аж. Од 2016 оны хоёрдугаар сард гарсан нэгэн нийтлэлд Yung Lean болон Sad Boys хамтлагийн хүрээнд бичигдэж, "Монголд төрөн, Шведэд үйл ажиллагаагаа явуулдаг хувцасны дизайнер ба Sad Boys хамтлагийн дотны найз o'D Möngke" хэмээн танилцуулагдаж байжээ.
Энэ бүхнээс гадна бид Одыг дуулах авьяастай инженер аав болон өөртөө чамин хувцас урлан өмсдөг уран гартай ээжийн хүү болохыг тогтоож, түүнийг чөлөөт цагаараа дууны үг бичдэг, коллежид байхдаа илүү цагаар сүши тогоочоор ажиллаж үзсэний дараагаар өөртөө зөвхөн дуртай юмаа хийнэ гэсэн амлалт өгссөнийг нь олж мэдсэн юм. Тэрээр мөн өмнө нь хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол гэх зэрэг гоёл чимэглэл гаргаж байсан туршлагатай бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр Sad Boys хамтлагийн хамт олонтойгоо поп-ап дэлгүүр нээн, маш богино хугацаанд бүх бүтээгдэхүүнээ борлуулж дуусгасан амжилт гаргасан байна.
Ингээд Н.Одмөнх болон House of Od брэндтэй илүү дэлгэрэнгүй танилцана уу.
House of Od хэзээ үүсгэн байгуулагдсан бэ? Мөн брэндийн үндсэн санаа юунд оршиж байна вэ?
Нэрийн брэндээ яг одоо л албан ёсоор нээн танилцуулж байна. Өмнө нь би Шведэд Sad Boys хамтлагийн Yung Lean, Drain Gang гэх зэрэг рэперүүдийн бүтээлч захирлаар ажиллаж, хувцас урладаг байсан. Гэхдээ анхны бие даасан цуглуулгаа нэрийнхээ брэнд доор яг одоо л танилцуулж байна.
House of Od нь яг streetwear (гудамжны хувцас) ангилал, эсвэл авангард загварт хамаарагдах тодорхой нэгэн жанрын брэнд биш. Харин эдгээр зүйлсийг өөртөө тэнцвэржүүлэн шингээсэн, өдөр тутамд өмсөж болох, өсвөр насныхны эрх чөлөөтэй, тэрсүүд амин сүнсийг агуулсан брэнд юм. Мөн дуучид, хөгжимчид ч бас тайзан дээр өмсөх боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг миний загваруудыг дуртай хүн болгон, насны ангилал үл хамааран өмсөж болно. Ихэнх хувцаснууд унисекс дизайнтай гарч байгаа.
Анхны цуглуулгынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу. Цуглуулгад хэдэн загвар багтсан, ямар материал давамгайлсан гэх мэт.
Цуглуулгад долоон төрлийн загвар багтсан бөгөөд загвар бүр өөрийн гэсэн нэртэй. Тухайлбал "Luminous Traveler" буюу "Гэрэлтдэг аялагч" нэртэй юүдэнтэй цамц дөрвөн төрлийн өнгөний сонголттой, шигтгээгээр чимэглэгдсэн цахилгаантай гэдгээрээ онцлог. Мөн AeroDenim нэртэй хоёр төрлийн жийнсэн өмд байгаа. Нэг нь карго маягийн илүү сул загвартай, бэхэлгээ, тоноглолтой бөгөөд өөрийн дуртайгаар загварчлан өмсөх боломжтой бол, нөгөө нь илүү сонгодог дизайнтай. Хоёр төрлийн жийнсэн өмд маань хоёулаа агаар нэвтрүүлдэг, том халаастай, өдөр тутамд өмсөхөд нэн тохиромжтой. Бүх загварууд Турк улсад үйлдвэрлэгдэж, манай албан ёсны вебсайтаар дамжуулан худалдаалагдаж, Турк улсаас олон улс руу хүргэгдэж байгаа.
Luminous Traveler цамцны шигтгээтэй цахилгаан 1990-ээд оныг санагдуулам ретро аястай атлаа орчин үеийн хип-хоп чиглэлтэй ууссан нь их сонирхолтой санагдсан. Энэ санаа танд хэрхэн төрсөн бэ?
Үүнийг бол үнэндээ зүүдэлсэн юм л даа. Ер нь заримдаа загваруудаа зүүдэлж, бүтээлч санаагаа авдаг. Зарим олохгүй шийдлүүдээ хагас унтаж байхдаа, эсвэл унтаж байхдаа олно. Багаасаа л толгой дотроо маш их загвар гаргаж, янз бүрийн юм сэтгэдэг байсан.
Тэгэхээр таны загваруудад оюун санааны, сүнслэг зүйл гарцаагүй шингэдэг байх?
Тийм ээ. Хүн маш олон, хэрэггүй зүйл худалдаж авахаасаа илүүтэйгээр өөрийн энергийг цөөн хэдэн чанартай хувцсанд хадгалбал зохистой гэх санаа надад байдаг. Хүн яг чин сэтгэлээсээ дурласан, чанартай хувцсаа өмсөхөд тэрхүү загварт өөрийн энергийг шингээж, хадгалдаг. Энэ нь амьдрал дээр мэдрэгдэж, харагддаг л даа. Би өөрөө ч бас энэ үзэл бодлын дагуу байдаг. Тийм ч учраас өөрийнхөө цуглуулгад олон янзаар загварчлан өмсөж болох, өндөр чанартай хувцаснууд оруулдаг. Жишээ нь AeroDenim жийнсэн өмдийг цахилгаан, бэхэлгээнийх нь ачаар өөр, өөрөөр загварчилж, олон янзаар өмсөх боломжтой. Гэхдээ мэдээж энэ нь хүн, хүний л харах өнцөг л дөө.
Жийнсэн өмдний бэхэлгээ ба цахилгаан нь чимэглэлийн элемент байхаас гадна өөр үүрэгтэй юу?
Ерөнхийдөө problem solving (асуудал шийдэх) зорилготой элементүүд юм. Тухайлбал би сууж байхдаа цахилгаанаараа нууц халаасаа онгойлгон түрийвч, утас зэргээ төвөггүй авах боломжтой. Мөн халуун үед жийнсэн материал өмсөхөд хүндрэлтэй байдаг тул цахилгааны тусламжтайгаар агаар, салхи оруулж болно. Үүнийг бас зөвхөн асуудал шийдэх үүднээс биш загварын өнцгөөс харвал цахилгаан ба бэхэлгээгээрээ өмднийхөө дизайныг шулуун, трапеци гээд өөрчилж болно.
Харин бүтээлч санааны хувьд гэвэл techwear (хүний ая тухыг харгалзан тусгай материалаар хийгдсэн, өдөр тутмын хувцас) болон ажлын хувцаснаас сэдэвлэсэн байгаа. Гэхдээ techwear болон ажлын хувцаснууд ихэвчлэн нэгэн хэвийн материал ба загвартай гардаг. Мөн ихэнх том брэндүүд жийнсэн загвар дээр ерөнхийдөө металл цахилгаан ба тоноглол ашигладаг. Харин би үүнээс зөрж, жийнсэн материалыг спорт хэв маягт оруулсан. Миний жийнсэн загваруудын деталь, цахилгаан бүр тод өнгөтэй эсвэл шигтгээтэй гэдгээрээ онцлог.
Юүдэнтэй цамц, жийнсэн өмднүүдээс гадна таны анхны цуглуулгын гол загвар бол яахын аргагүй камуфляж хээтэй футболка ба цамц юм. House of Od брэндийн гол таних тэмдэг болсон энэ хээний утгыг тайлбарлахгүй юу?
Энэ хээг камуфляж төрөлд хамруулж болно. Гэхдээ камуфляж нь цэрэг, байлдааны утга агуулгатай бол, миний хээ илүү урлаг тал руугаа чиглэсэн. Дэлхий ба энх тайвныг илэрхийлсэн гэж хэлж болно. Би энэ хээг өөрөө гараараа зурсан. Мөн сайтар ажиглавал хээнүүд дунд OD гэх үг нууцхан байршсан байгаа.
Харин хоёр зуйван хэлбэрээс бүрдэх логоны хувьд?
Бас OD гэсэн утгатай.
Таны загварууд дуу, хөгжимтэй салшгүй холбоотой гэж та ярианыхаа эхэнд дурдсан. Нэрийн брэндээ үүсгэн байгуулахын өмнө Yung Lean болон Sad Boys хамтлагтай хамтран ажиллаж байсан үеэсээ хуваалцана уу. Та бүгдийн уран бүтээлийг судлахад рэп эсвэл өөр нэгэн тодорхой урсгалд хамруулах боломжгүй мэт санагдсан?
Бид одоо ч хамтарсан хэвээр байгаа. Гэхдээ би одоогоор бие даасан ажил дээрээ түлхүү анхаарлаа хандуулж, шаардлагатай үед Yung Lean болон Sad Boys нарт зориулж загвар гаргаж байна. Ерөнхийдөө рэп гэж явдаг ч, бид ямар ч урсгалд баригддаггүй. Мэдээж төрөл бүрийн зүйлсээс бүтээлч санаа авдаг. Гэхдээ хамгийн гол нь мэдрэмж. Өөрсдийнхөө мэдэрч байгаа тэр зүйлийг гаргаж чадвал тэрийг ямар нэгэн урсгал, жанраар тодорхойлох шаардлагагүй болчхож байгаа юм.
Монголын загварын салбарын хөгжлийн тухай ямар бодолтой байдаг вэ? Тэр дундаа streetwear урсгал манайд хэр дэлгэрсэн байна вэ?
Янз бүр л байна. Хүмүүсийн юмыг нээж илрүүлэх хугацаа нь өөр, урлагийг харах өнцөг нь өөр, юманд дурлах цаг нь өөр байдаг болохоор би аливаа юмыг тренд гэсэн бодлоор дүгнэдэггүй. Одоо энэ зүйл гоё моодонд орж байгаа юм чинь үүнийг бүгд өмсөх ёстой гэсэн юм байхгүй. Харин хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байвал тэр нь хавьгүй гоё гэж боддог.
Таны бодлоор өдөр тутмын энгийн хувцаслалт, спорт, гудамжны загвар давамгайлах болсон орчин үед cool гэдэг үг хэрхэн тодорхойлогдох болсон бэ?
Хүн, хүнд л өөр байх. Миний хувьд cool гэдэг үгээр өөрт таалагдсан, гоё мэдрэмж өгсөн ямар ч зүйлийг тодорхойлж болно. Яг л өөрөөрөө байж, өөртөө итгэлтэй байх нь cool. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэрхүү онцлог, зан чанараа илэрхийлж чадаж байвал тэр нь хамгийн шилдэг зүйл.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт