Лондонгийн загварын долоо хоногийн үеэр
Ойролцоогоор сарын хугацаанд үргэлжлэх намар-өвөл 2017 улирлын эрэгтэй загварын марафон хоёр хоногийн өмнө Лондонд гараагаа эхлүүллээ. Эхний хоёр өдрийн хүрээнд шинэ цуглуулгаа танилцуулсан олон брэнд дунд нэгэн гэнэтийн, шинэ марк үзэгдсэн нь дуучин Тайни Темпагийнх байлаа. Дуучин, дууны зохиолч ба рэпер Тайни Темпа өөрийн загварлаг стилиэрээ алдартай бөгөөд тэрбээр олон жилийн турш Лондонгийн загварын долоо хоногт зочны дүрээр оролцож, нэгдүгээр эгнээнд суудаг байсан юм. Удаан хугацааны турш судалгаа хийж, загварын салбарт танигдсаны эцэст залуу уран бүтээлч өчигдөр өөрийнхөө дизайнерын ур чадварыг харуулж, цоо шинэ What We Wear маркийг танилцууллаа.
Түүний анхны цуглуулга юуны түрүүнд хэрэглээнд маш ойрхон ба загварлаг болсон харагдана. Гурван W үсгээс бүрдэх брэндийн зиг заг хэлбэрийн логотой футболка, кет, бомбер хүрэм, шоорт, даавуун өмд ба хөвөн цамц зэрэг нь бүгд спорт хэв маягтай, минимал дизайнтай болсон байлаа.
"Үнэнийг хэлэхэд би өөрийгөө бүтээлч хүн гэж боддог. Дуучин байснаар би нэгхэн төрлөөр дүгнэгддэг байсан. Энэ нь надад таалагдаагүй. Эхний цуглуулгаараа би үүнийг хийж чадах эсэхээ шалгахыг хүссэн. Би загварын салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьсон. Би өөр хэн нэгний хувцсыг өмссөнөөр загварлаг харагдахыг хүсээгүй. Энэ нь яг л өөр уран бүтээлчийн дууг дуулахтай адилхан шүү дээ" хэмээн тэр тайзны ард ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт