Загварлаг эрэгтэйд хэдэн гутал хэрэг болдог бол? Бидний бодлоор хамгийн багадаа зургаан гутал байхад тэд амьдралынхаа ямар ч нөхцөл байдалд тохируулаад өмсчих болов уу
Саяхан бид эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гутлын жагсаалт гаргасан бол одоо эрчүүдийн ээлж ирлээ. Эрчүүд бүсгүйчүүдийн адил хувцасны араас улайрч, галзуу шоппинг хийдэггүй ч гэлээ тэд бүгд сайн чанарын гутланд дуртай гэдэгт маргах хүн олдохгүй л болов уу. Тиймээс бид эрчүүддээ зориулж тэдний шүүгээнд байх ёстой гуталнуудыг жагсааж, ач холбогдлоор нь эрэмбэллээ. Дэлгэрэнгүй уншицгаая.
1. Хар өнгийн арьсан оксфорд ботинк
Анхдагч гуталнуудын нэг болох оксфорд ботинк бүх цаг үеийн шилдэг сонголт юм. Оксфорд ботинкоо бараг л бүх хувцас дээр зохицох хар өнгөтэй, мөн эдэлгээ даах арьсан материалтайг сонгосноор та хурим, ажил хэрэг, албан тасалгаа, үдшийн болзоо гээд маш олон нөхцөл байдалд тохируулж өмсөх боломжтой. Орчин үед оксфорд загварын олон хувилбар гарсан ч бид танд "Cap toe" буюу хоншоорыг тусгаарласан мэт оёдолтой хамгийн сонгодог загварыг санал болгох байна.
2. Бор өнгийн "Brogue" гутал
Шотланд ба Ирландаас гаралтай Brogue гутал анх аж ахуйн ажилд зориулагдаж бүтээгдсэн ч гэлээ орчин үед энэ загвар дэлхий даяар алдартай болоод байна. Brogue гутлын уламжлалт "нүхэн" хээтэй дизайн нь түүнийг бусдаас онцгой болгодог юм. Жийнсэн өмд, брюк өмд, даавуун өмд, шоорт гээд бараг л бүх хувцастай зохицох энэ гутлыг та ажилдаа болон өдөр тутамд байнга өмсөх болно.
3. Өдөр тутмын кет
Сүүлийн хоёр жилийн турш athleisure буюу дасгал хийх болон өдөр тутамд аль алинд нь өмсөж болох хувцас гэх үг хүчээ авч, энгийн хувцаслалтын давалгаа үүссэн талаар бид өмнө нь бичсэн билээ. Загварлаг залуучууд урьд өмнө нь бэлтгэл хийхдээ л кет өмсдөг байсан бол одоо нөхцөл байдал арай өөр болжээ. Кет өмссөн эрчүүд загварын тайз, их хотын гудамж, бүүр улаан хивсээр хүртэл алхах боллоо. Зах зээл дээр байгаа тэр олон загварууд дундаас бид танд цэмцгэр цагаан өнгийн арьсан кет аль эсвэл бидний сайн мэдэх New balance брэндийн кетийг санал болгох байна.
4. Хагас түрийтэй, үдээстэй, арьсан гутал
Хүйтний улиралд өмсөхөд тохиромжтой хагас түрийтэй гутал эрэгтэй хүн болгонд зайлшгүй байх ёстой. Хамгийн гол нь зөв загвар, дүрстэй гутлыг сонгох хэрэгтэй. Хэт урт түрийтэй загвар нь таны төрхийг болхи харагдуулна. Харин хэт богино түрийтэй загвар нь эрт дээр үед тренд болж байсан шагай татсан хуучинсаг гутал шиг харагдах болно. Тэгэхээр хамгийн шилдэг сонголт нь дундаж урттай түрий юм. Түүнчлэн арьсан материалтай, резин ултай загварыг сонговол та нэгт өдөр тутмаас гадна, мөн ажилдаа өмсөж болох цэмцгэр гуталтай болж, хоёрдугаарт гутлаа удаан өмсөх болно.
5. Угладаг үдээсгүй ботинк (Loafers)
Норвегиос гаралтай үдээсгүй ботинк нь 1960-аад онд алдрын оргилд хүрсэн билээ. Гэхдээ энэхүү хөлд эвтэйхэн бас дэгжин загвартай гутал өнөөдрийг хүртэл олны дунд эрэлттэй хэвээр байна. Дулаан улиралд өмсөж болох энэ загварыг зөв хослуулж чадвал амьдралын ямар ч нөхцөлд буюу өдөр тутамд, үдшийн болзоонд, амралтын өдрөөр салхинд гарахдаа ч өмсөх боломжтой. Арьсан, лаакан эсвэл илгэн материалтай ботинкууд бүгд их дэгжин харагддаг. Гэхдээ дулаан улиралд өмсөх гэж байгаа бол илгэн эсвэл нэхий материалтай, бас цайвар бор өнгөтэй загварыг сонгохыг зөвлөж байна.
6. Арьсан сандаал
Зуны халуун өдрүүдийг арьсан сандаалгүйгээр хэрхэн даван туулах билээ дээ. Шилдэг арьсан сандаалууд бага зэргийн "гладиатор" хэв маягтай байдаг. Гэхдээ мэдээж хэрэг бүсгүйчүүдийн дунд тренд болоод байгаа нарийхан оосортой биш, харин бүдүүн оосор бүхий эршүүд загвар юм. Хар эсвэл хар бор өнгийн арьсан сандаал хамгийн тохиромжтой. Аль болох энгийн загвартай нэг өнгөөр дагнасан загвар сонгоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт