Эрэгтэй загварын долоо хоног: Versace, хавар 2017

Prince-ийн дуун доор

Донателла Версаче хавар-зуны улирлын шинэ цуглуулгаа танилцуулахаасаа өмнө хүрэлцэн ирсэн зочдодоо зориулж намар-өвөл цуглуулгын промо бичлэгийг үзүүллээ

Уг бичлэг дээр үзэгдсэн өвлийн төрхүүд мөн дараагаар нь загварын тайз дээр гарч ирсэн зуны төрхүүд хоорондоо бараг ялгагдахгүй байлаа. Энэ нь зарим дизайнеруудын, тэр дундаа Донателла Версачегийн хувьд улирлын ялгаа гэх юм байхгүй болж буйгийн шинж юм.

Дизайнер энэ удаад контемпорари бүжигчдийн дасгалын хувцас ба тайзны костюмаас санаа авч, биед эвтэйхэн, хөдөлгөөн хорьдоггүй, биеийн галбир тодотгосон загварууд бүтээжээ. Бүүдгэр улаан, хөх ягаан болон завсрын ногоон өнгөтэй бага зэргийн спортлог загварууд брэндийн уламжлалт бэлгэ тэмдэг болсон эртний Грек хээтэй нэгдсэн байв. Мөн хамгийн энгийн нимгэн жерси цамц, хөнгөн парка хүрэм, малгайтай нейлонон анорак, доогуураа хумигдсан өргөн өмд, сул загварын брюк өмд, ба шулуун дүрстэй савхин хүрэм зэрэг нь торгомсог оймсон дээгүүр өмссөн сандаалтай хосолсон харагдлаа.

Загвар өмсөгчдийг алхаж байх зуур шоуны танхимаар дуучин Prince-ийн хэд, хэдэн дуу эгшиглэж, олны сэтгэлийг хөдөлгөлөө. Хамгийн гол нь тэдгээр дуунууд урьд өмнө нь хэний ч сонсож байгаагүй, Prince өөрөө Донателла Версачед бэлэглэж байсан хэвлэгдээгүй цомгийнх байсан юм. Цуглуулгын хөх ягаан өнгөтэй хувцаснууд, бэлхүүс тодотгосон пижакууд мөн энгэр дээрээ цацагтай цамцнууд бүгд агуу дуучны хувийн стилээс санаа авсан, түүний гэгээн дурсгалд зориулагдсан загварууд байлаа. Эцэст нь Донателла өөрөө хөх ягаан өнгийн сатин материалтай хослол өмсөн гарч ирж, зочидтойгоо мэндэллээ.

Buro.Mongolia

2016-06-20, 14:00

  • Зураг: