Загварын шоуг Machine Gun Kelly хааж алхлаа
Dolce & Gabbana брэндийн бүтээлч захирлууд болох Доменико Дольче, Стефано Габбана нар ямагт шинийг сэддэгээс гадна брэндийнхээ үндсэн хэв маягаас гаждаггүй онцлогтой. Тэд өөрсдийн “more is more” мэдрэмжээ цуглуулгадаа шингээж бидний анхаарлыг татсаар ирсэн билээ. Тэгвэл дизайнерууд маань намар-өвөл 2022 шинэ цуглуулгаараа дамжуулан гламур болон рок хэв маягийг харуулж хайрцгаасаа дахин гарсан байна. “Тухтай орчноосоо гарахгүй байх нь тийм ч тухтай биш болжээ” хэмээн онцолсон дизайнер Дольче шинийг сэдэж, тэр дундаа Z үеийнхний сонирхолд цуглуулгаа нийцүүлэхийг гол зорилгоо болгосон гэв. Мөн Стефано Габбана “Цаг үе өөрчлөгдөж байна. Өөрчлөлтийг ч бид уриалагхан хүлээж авна. Учир нь урагшилж, хөгжихийн тулд шинэ зүйлийг туршиж үзэх зайлшгүй шаардлага бий” гэж Vogue сэтгүүлд онцолжээ.
Сонирхолтой зүйлийн эрэлд гарч, өөрсдийгөө сорихыг хүссэн дизайнерууд шинэ мянганыхны анхаарлын төвд байдаг, саяхан цахим орчинд шуугиан тариад авсан Machine Gun Kelly-г алхуулахаар сонгосон байна. Уран бүтээлчийн хээнцэр, тансаг, үзэсгэлэнтэй байдлыг үнэлдэг мэдрэмж нь түүнийг загварын шоунд урьж алхуулах болсон гол шалтгаан гэнэ. Тэрээр бүхэлдээ шигтгээгээр чимэглэсэн хослолоо тайзан дээр амилуулаад зогсохгүй пиджакаа тайлан үзэгчдийн суудалд сууж байсан сүйт бүсгүйдээ өгч олны анхаарлыг татсан юм. Machine Gun Kelly-ийн өмссөн хослолоос гадна гялалзсан болор, гинжтэй загварууд цуглуулгад зонхилсон байв. Түүнчлэн тус цуглуулгыг бүтээхэд нэрт зураач Рокко Паццела хамтран ажилласан бөгөөд түүний бүтээсэн өнгөлөг граффити хээ, DG логоны шинэ хувилбартай oversize силуэттэй өмд, юүдэнтэй цамц, бомбер хүрмийг анхааралдаа аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт