"MPDU Fashion Week"-ийн эргэн тойронд: Загвараар амьсгалсан хоёр хоног

Queen Fashion House, SOYO, Zoson, Michel & Amazonka ба Muse Art House брэндүүдийн шинэ загварууд

Хэрвээ Нью-Йорк, Лондон, Парис, Милан, цаашлаад Сөүл, Токио зэрэг дэлхийн томоохон нийслэл хотуудад жилд хоёр удаа албан ёсны загварын долоо хоног зохион байгуулагдаж, энэ нь дизайнеруудад дуу хоолойгоо цуурайтуулах боломж олгон загварын салбарын хөгжилд чухал хувь нэмрээ оруулдаг бол манай улсад саяхныг хүртэл ийм төрлийн тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн арга хэмжээ байгаагүй билээ. Тэгвэл Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо дэлхийн загварын салбартай хөл нийлүүлэх зорилгоор энэ улирлаас эхлэн "MPDU Fashion Week" гэх нэгдсэн загварын долоо хоног зохион байгуулахаар болж, энэ сарын 15 ба 16-ний өдрүүдэд анхны арга хэмжээгээ амжилттай явууллаа.

Намар-өвөл 2019 улиралд зориулагдсан анхны арга хэмжээнд Queen Fashion House, SOYO, Zoson, Michel & Amazonka ба Muse Art House брэндүүд оролцсон бөгөөд брэндүүд дор бүрдээ өөрсдөдөө тохирсон форматын дагуу шинэ загваруудаа танилцуулсан юм. Хэрвээ Muse Art House удахгүй болох Шинэ жилийн баярыг тохиолдуулан баялаг цуглуулга гарган бие даасан шоу зохион байгуулсан бол, Michel & Amazonka анхны ноолууран загварууддаа зориулж өөрсдийн бутик дээрээ танилцуулга хийж, харин зарим нь урлагийн галерейд загваруудаа инсталляци хэлбэрээр байршуулсан байлаа. Ерөнхийдөө орчин үеийн загварын салбарт ажиглагддаг бүхий л бүтээлч санаануудыг манай мэргэжлийн дизайнерууд хэрэгжүүлсэн юм. Харин үзэгчид болон зочдын хувьд нийт хоёр хоног үргэлжлэх уг арга хэмжээний үеэр бүхэлдээ "загвараар амьсгалж", загварын долоо хоног гэх ойлголттой илүү сайн танилцаад авлаа.

"Монголын Мэргэжлийн Дизайнеруудын холбоо нэгдэж чадсан нь манай залуу дизайнеруудын хувьд том алхам байсан бѳгѳѳд ингээд энэ жилээс эхлэн дараагийн шат руугаа орон нэгдсэн загварын долоо хоногтой болж байна. Энэ удаад бид маш даруухан, энгийн байдлаар шинэ коллекцуудаа танилцууллаа. Бид албан ёсоор жилд хоёр удаа дизайнеруудын хавар-зун, намар-өвлийн коллекцийг тогтмол танилцуулж байх юм. Ирэх жилийн загварын долоо хоногийг маш томоор, хот бүхэлдээ загварын долоо хоногоор амьсгалахаар зорин бэлдэж эхлээд байна" хэмээн MPDU-ы ерөнхийлөгч Ө.Содгэрэл арга хэмжээний талаар ярьсан юм.

Muse Art House

"MPDU Fashion Week"-ийн анхны загварын долоо хоногийн хүрээнд Muse Art House бүрэн хэмжээний бие даасан загварын шоу зохион байгуулж намар-өвөл 2019 улиралд болон Шинэ жилийн баярт зориулсан баялаг цуглуулгаа танилцууллаа. Нөмрөг мэт сүр ихтэй намирах гялалзсан даашинзууд, дангаар нь өмсөх зориулалттай тансаг хоргой чимэглэлтэй урт пиджакууд, хөдөлгөөн бүрт савлан анхаарал татах цацагтай даашинзууд гээд Edelweiss хэмээн нэрлэгдсэн уг загварын шоуны үеэр моделиуд бүгд бурхад шиг эрхэмсэг харагдаж байсан юм. Мөн маш их хэмжээний уран хатгамлууд, гялалзсан чимэглэлүүд, торгомсог материалууд дунд нүд эргэлдэж загварын шоу бүхэлдээ даашинзын тухай зүүд мэт үзэсгэлэнтэй байлаа. Хамгийн гол нь шинэ загваруудын аль нь ч галбир хэт барьсан, тачаангуй харагдах гэж хичээсэн байгаагүй атлаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож, илүү эрхэмсэг харагдуулж чадсан нь бидний хувьд цуглуулгын хамгийн том давуу тал болсон юм.

 

Queen Fashion House

Урилгын дагуу Zaisan Hill цогцолборт байрших урлагийн галерей руу нэвтрэн ороход Queen Fashion House брэндийн дизайнер Д.Энхмаа намар-өвөл 2019 улиралд зориулсан капсул цуглуулгаа металлик манекенуудад өмсгөж, хананд өлгөгдсөн уран зургууд болон таазнаас унжих зургийн жаазнуудтай уусган маш бүтээлч байдлаар урлагийн инсталляци мэт дэлгэн тавьсан байлаа. Савхи, торго, тор гэсэн гурван материал бүхий хар болон усан цэнхэр өнгөтэй шинэ загварууд нь уламжлалт болон контемпорари, мөн эмэгтэйлэг болон авангард стилийн нэгдэл болжээ. Монгол захтай торгон цамцыг яагаад савхин юбкатай хослуулж болохгүй гэж? Дээлний товчтой савхин хүрэм яагаад хөвсгөр торон юбкатай зохицохгүй гэж? Өөрөөр хэлбэл дизайнер Д.Энхмаа хэвшмэл байдлыг эвдэж стайлингийн утга учрыг харуулсан нь энэ юм.

 

SOYO

SOYO брэндийн бүтээлч захирлаар мөн л дизайнер Д.Энхмаа ажилладаг нь тун сонирхолтой. Учир нь түүний хариуцаж буй хоёр брэнд тэс ондоо хэв маяг, хийц, дизайнтай төдийгүй тус бүрдээ өөрийн гэсэн танигдахуйц шинж чанартай. SOYO бол саяхнаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн рэппер Цэцэгийн үүсгэн байгуулсан streetwear брэнд юм. Улаанбаатар хотын уур амьсгал, шинэ мянганы залуусын хэв маягийг илтгэж чадсан энэ брэнд юуны өмнө материалын чанар, оёдол, биед эвтэйхэн байдлыг эрхэмлэсэн нь шинэ загваруудаас илт харагдана. Сүүлийн улирлуудад дэлхийд ноёрхож буй utilitarian буюу практикал загварууд SOYO-гийн капсул цуглуулгын суурь болжээ. Гар цүнхний шаардлагыг няцаасан олон тооны том халаастай хатуу даавуун материал бүхий сул цамцнууд, хаки ногоон өнгийн карго өмднүүд, ус нэвтэрдэггүй материалтай бомберууд, ажилчны стильтэй комбинзонууд, мөн мэдээж хүйтнээс хамгаалах oversize нэхийнүүд гээд цэргийн уур амьсгалтай, cool загваруудаар шинэ цуглуулга дүүрчээ.

 

Michel & Amazonka

Загварын салбарт дизайнерууд өөрсдийн шинэ цуглуулгыг танилцуулахдаа жил ирэх тусам илүү бүтээлч хандлага гарган үзэгчдийг гайхшруулах болсон. Уламжлалт загварын шоуны форматаас гадна тэд худалдан авагчдад илүү бодит мэдрэмж өгөх, загваруудыг ойроос харан өмсөж үзэх боломжийг нээх үүднээс танилцуулга хэлбэрийн формат хэрэгжүүлэх нь олшроод байгаа билээ. Харин Michel & Amazonka брэнд уг форматын төгс жишээг бидэнд харууллаа. Тэд Галлериад нээгдсэн шинэхэн бутикдээ зочдыг урин амтат жигнэмэг, оргилуун усаар дайлах зуураа брэндийнхээ түүхэнд анх удаа гаргаж буй ноолууран цуглуулгаа өөрсдийн биеэр танилцуулан тайлбарласан юм. Бутикийн пастель ягаан өнгийн орчинд брэндийн нүүр царай болон ажилладаг таван загвар өмсөгч шинэ загваруудыг өмсөн харуулж, нүүр будалт, үс засалтаасаа эхлээд бүхэлдээ дизайнеруудын дамжуулахыг хүссэн санааг, гаргахыг хүссэн төрхийг зочдод хүргэж байлаа. Загваруудын хувьд өвдөг давсан урттай, бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг силуэт давамгайлж улаан, шар, цэнхэр зэрэг тод өнгөнүүдээр амилсан байв. Өнгөцхөн харахад эсгүүр нь минимал ч тэгш бус хэмтэй ханцуйн манжлага, захны сүлжмэл хээ, нөмрөг мэт харагдах ханцуйн хонхон хэлбэр зэрэг гоёмсог деталиуд загваруудыг эгэл бус болгосон байлаа.

 

Zoson

Zoson брэндийн бутикээр загвар сонирхдог хэн бүхнийг зочлохыг уриалж байна. Учир нь уг брэндэд бидний төсөөлөө ч үгүй олон чамин зүйлс худалдаалагддаг ба загваруудын хийц, гар урлалын нарийн хатгамал, чимэглэлийг зөвхөн ойроос харж байж л бүрэн гүйцэд үнэлэх боломжтой юм. Zoson брэндийн үүсгэн байгуулагч Б.Шийлэгмаа нь зүймэл даавуун урлалаар мэргэшсэн мэргэжлийн дизайнер бөгөөд өөрийн урласан гоёмсог тод өнгийн зүймэл гэр ахуйн эдлэлүүдийг сайн чанарын Япон торгоор хийсэн орчин үеийн дизайнтай монгол дээлүүд, болон уламжлалт ба гоёлын хэв маягийг нэгтгэсэн шинэ загваруудын хамт дэлгэн тавьсан байгаа. Мөн энд хүүхдийн цэвэр даавуун хувцаснууд, бүсгүйчүүдийн аксесуарууд гээд төрөл бүрийн өнгөлөг, гоёмсог эд зүйлс нэг дор цугласан нь шопахолик эмэгтэйчүүдийн сэтгэлийг баясгах болно.

Ө.Тодгэрэл

2019-11-21, 17:58