Альбер Эльбаз эргэн ирлээ! Түүний AZ Factory гэх шинэ брэндтэй танилцацгаая

Биед эвтэйхэн ухаалаг материалаар хийгдсэн кутюр загварууд

Олны хайртай дизайнер Альбер Эльбаз загварын ертөнцөд эргэн ирлээ! Хамгийн сүүлд Lanvin брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг арав гаруй жилийн турш гүйцэтгэн 2015 онд тус брэндийг орхисноос хойш тэрээр загварын салбараас түр завсарлага аваад байсан юм. Харин одоо дизайнер нэрийн AZ Factory брэндээ танилцуулж байна.

Альбер Эльбаз AZ Factory брэндээ Richemont гэх тансаг зэрэглэлийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг компанитай хамтран үүсгэн байгуулсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө эхэлсэн Парисын загварын долоо хоногийн хүрээнд анхны албан ёсны танилцуулгаа хийлээ. Брэндийн анхны загваруудыг Эльбаз богино хэмжээний кино хэлбэрээр харуулсан ба тэдгээр загваруудаа Net-a-Porter, Farfetch болон брэндийн вебсайтаар дамжуулан худалдаалахаар болжээ.

"Бид үзэсгэлэнтэй, зорилготой, асуудлыг шийдвэрлэх чадвартай, хүн бүрт тохиромжтой загварыг бүтээх аянд гарлаа. Бид зүгээр нэг амьдралын хэв маяг биш, бид бол амьдрал. Шинэ зүйлийг туршиж үзэх шинэлэг орчин" хэмээн өөрийн хачин жигтэй, зугаатай, өвөрмөц загваруудаараа алдаршсан Альбер Эльбаз шинэ брэндээ тайлбарлан хэллээ.

Шинэ цуглуулгын хувьд дотроо гурван хэсэгт хуваагдана. Эхний MyBody хэсэгт дизайнер богино хар даашинз, леггинс зэрэг сонгодог загваруудыг орчин үеийн хэв маягт оруулан галбир тодотгодог атлаа биед асар эвтэйхэн тусгай технологиор бүтсэн ноосон материалаар хийжээ. Хоёр дах Switchwear хэсэгт цаг хэмнэх зориулалттай, энгийнээс хээнцэр болж хувирах чадвартай загварууд багтсан байгаа. Мөн сүүлийн буюу гурав дах SuperTech-SuperChic хэсэгт дэвшилтэт технологиор хийгдсэн high fashion загварууд орсон ба ингэхдээ дизайнер ихэвчлэн спорт хувцаснуудад ашиглагддаг ухаалаг материалуудаар кутюр дизайнуудыг урлажээ.

MyBody загварууд худалдаалагдаж эхэлсэн бол Switchwear болон SuperTech-SuperChic загварууд энэ хавар худалдаанд гарах юм.

Buro.Mongolia

2021-01-27, 12:00