Vogue-ийн алдарт ерөнхий редакторын дахин давтагдашгүй стиль
1988 оноос хойш АНУ-ын Vogue сэтгүүлийг удирдаж буй Их Британиас гаралтай Анна Винтурын нэрийг мэдэхгүй хүн загварын салбарт үгүй. Тэр ч бүү хэл анх загварын салбарт хөл тавьж буй хэн бүхний хувьд хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй, хамгийн чухал хүмүүсийн жагсаалтыг Винтур тэргүүлэх байх. 2003 онд Анна Винтурын хуучин хувийн туслах Лорен Вайсбергер "The Devil Wears Prada" нэртэй ном бичсэнээр түүний зохиолыг найруулагч Дэвид Фэнкел бидний сайн мэдэх загварын тухай шилдэг кино болгон хувиргасан байдаг.
Лорен номынхоо гол дүрийг Анна Винтурээс сэдэвлэсэн юм. Номонд өгүүлдгийн адил бодит амьдрал дээр ч тэр хүн бүр Винтурыг хүндэлж, айж, түүнд таалагдах гэж хичээдэг юм. Учир нь алдарт ерөнхий редакторын дуу хоолой хэн нэгний карьерыг үгүй хийх эсвэл эсрэгээрээ өндөрт хүргэх асар их нөлөөтэй юм. Саяхан л гэхэд дизайнер Рик Оуэнс нэгэн ярилцлагынхаа үеэр Аннагийн ачаар анхны загварын шоугаа зохиох боломжтой байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Цуурхлын дагуу Анна Винтурын жилийн цалин хоёр сая ам.долларт хүрдэг бөгөөд тэрээр үүнээс 200 мянган ам.долларыг хувцсанд зарцуулдаг гэнэ. Тэгээд ч залуу дизайнерууд олон олноороо Анна руу шинэхэн цуглуулгын загваруудаа илгээж, нэг л өдөр тэдний хувцсыг сонгон өмсөж street style зурагчдын дуранд өртөх байх гэж найддаг. Юутай ч Анна өөрийн гэсэн нэрийн стилиэ бий болгоод удаж байна. Тэрээр хаанаас ч харсан танигдахуйц, үргэлж цэмцгэр, загварлаг харагдаж чаддаг нэгэн юм. Харин түүний стилийн нууц юунд оршдогийг хамтдаа судалцгаая.
Анна 14 наснаасаа хойш боб тайралттай байгаа нь аль хэдийнэ түүний нэрийн хуудас болжээ. Тэрээр заримдаа үснийхээ өнгийг бага зэрэг бараан, эсвэл эсрэгээрээ цайвар болгодог ч хэзээ ч томоохон өөрчлөлт хийдэггүй. Харин нүүр будалтын хувьд Анна хөнгөн бор тень, өтгөн сормуусны будаг болон үл ялиг улаан туяатай уруул өнгөлөгч хэрэглэдэг. Энэ бүгдээс гадна тэрээр мөн том нарны шил зүүх дуртай ба албаны арга хэмжээ, загварын шоу гээд нөхцөл байдал үл харгалзан шилээ зүүсээр л байдаг. Энэ дашрамд дурдахад Анна бүх шоунд үргэлж цагтаа ирдэг бөгөөд ихэвчлэн хэн ч ирээгүй байхад ганцаараа шоу эхлэхийг хүлээгээд сууж байдаг аж.
Анна Винтурын хувцасны шүүгээний дийлэнх хувийг топ болон юбканы хослол эсвэл даашинз эзэлдэг. Тэрээр мөн ямар ч цаг агаарт нүцгэн хөлөн дээр туфли өмсдөг бөгөөд ихэвчлэн "kitten heels" буюу 3-5 см өсгийтэй туфли сонгодог.
Анна үс засалтынхаа адил хувцасныхаа силуэт, уртыг бараг л өөрчилдөггүй. Өвдөг давсан эсвэл газар хүрсэн урттай, шулуун эсвэл багахан зэрэг трапеци хэлбэртэй, заавал бэлхүүс тодотгосон, төрөл бүрийн хээ, өнгөтэй даашинзууд бол Анна Винтурын бүх цаг үеийн сонголт юм.
Жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт Анна Винтур Нью-Йоркийн Метрополитен музейд домогт Met Gala үдэшлэгийг зохион байгуулдаг билээ. Загварынхны хувьд оны гол арга хэмжээ гэгддэг энэхүү үдэшлэгт оролцохдоо тэрээр бусдын адил үдшийн даашинз өмсөх шаардлагатай болдог ба ингэхдээ үргэлж нэгэн хэвийн бус, хачирхалтай дизайн бүхий, урлагийн бүтээл мэт загварууд сонгодог байгаа.
Залуу дизайнерууд дахин боловсруулалт дээр анхааран эко загварын төлөө тэмцэж, амьтдын эрхийг хамгаалж байх зуур Анна байгалийн гаралтай үслэг эдлэл өмссөөр л байгаа. Тэрээр энэ оны есдүгээр сард CNN телевизэд ярилцлага өгөхдөө "Хуурамч үс нь жинхэнэ үснээс илүү байгаль орчинд хортой гэдэг нь ойлгомжтой. Харин винтэж үслэг эдлэлийг дахин хэрэглэж, өмсөх нь илүү тогтвортой шийдэл болох байх" хэмээн хэлж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт