Анна Винтур хэт туранхай моделиудын эсрэг мэдэгдэл хийлээ

Редактор Лондонгийн загварын долоо хоногийн дараа видео ярилцлага хийжээ

 

Есдүгээр сарын 20-нд Vogue сэтгүүлийн вебсайт дээр Анна Винтуртай хийсэн видео ярилцлага нийтлэгдсэн юм. Сэтгүүлийн ерөнхий редактор хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Лондонгийн загварын долоо хоногийн дараах сэтгэгдлээсээ хуваалцжээ.

"Лондонд өнгөрүүлсэн эдгээр өдрүүдэд би нэг л зүйлийг харан их гайхлаа. Энэхүү хот нь амаргүй зуныг даван туулсан ч дизайнерууд өөрийн уран бүтээл, өөдрөг сэтгэлгээ ба өнгөний сонголтоороо хүчирхэг зан чанараа харуулж чадлаа" хэмээн Винтур онцолсон юм.

Үүний дараа редактор бүсгүй гэнэт хэт туранхай моделиудын талаар ярилцахаар шийджээ. "Гэхдээ Английн дизайнерууд одоо хэрэн хэт, бүр хэт туранхай бүсгүйчүүдийн дүр төрхөд дуртай хэвээр байна. Тэдэнд туранхай байх нь cool гэдэг санаа одоо хүртэл таалагдсаар байна. Миний бодлоор дизайнерууд өөрсдийн онцолж буй бүсгүйн дүр төрхийг илүү хариуцлагатайгаар сонгох хэрэгтэй. Энэ нь тэр тусмаа залуу охидод их хүндээр тусдаг сэдэв шүү дээ".


Энэхүү мэдэгдлийн дараа Анна Винтур уг загварын долоо хоног дээр үзэгдсэн шилдэг цуглуулгуудыг онцлон дурдлаа. "Кристофер Бейли загварын шоугаа ямар гайхамшигтай газар зохион байгуулсан бэ! Тэрээр биднийг нурж буй ханатай эртний барилгад урин авчирсан. Би Кристоферын цуглуулгаас ойрд мэдрээгүй хөнгөн мэдрэмжийг авсан шүү" гэж редактор Burberry-гийн загварын шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.

Харин резинен материалтай Crocs гутал танилцуулсан Кристофер Кейны цуглуулгын талаар Винтур "Саяхан хэн нэгэн надад загварын тайзууд дээр үдшийн даашинз харагдахаа байжээ хэмээн хэлсэн. Энэ нь үнэхээр үнэн үгс шүү. Тэгсэн хэрнээ бид street style загвараас юу олж харах дуртай гээч? Кеттэй хослуулсан урт даашинзууд шүү дээ! Миний бодлоор Кристоферийн цуглуулга энэ талаараа маш шийдэмгий байж чадсан".

Ярилцлагын бүрэн хувилбарыг Vogue сэтгүүлийн вебсайтаас үзнэ үү.

Buro.Mongolia

2017-09-21, 18:00