Алдарт жүжигчин Анжелина Жоли Оскарын шагналт кино найруулагч Пабло Ларрайны ээлжит шинэ уран бүтээл болох нэрт дуурийн дуучин Мария Калласын намтарчилсан бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Уг кино энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн Каннын кино наадмын үеэр кино компаниудад худалдаалагдах болсныг Жоли хэвлэлийн бага хурлын үеэр зарлаж, олны анхаарлын төвд байсаар байна. Тэгвэл энэ нь алдарт жүжигчин, найруулагч, НҮБ-ын элч Анжелина Жолигийн цор ганц дуулиант мэдээ байсангүй. Тэрээр хувцас загварын ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлэхийг зорьж, “Atelier Jolie” хэмээх шинэ брэндээ ирэх намар албан ёсоор танилцуулахаа зарлалаа.
Тэрээр өчигдөр 14.4 сая дагагчидтай өөрийн Instagram хуудсандаа энэ тухай дурдахдаа, ““Atelier Jolie” бол дэлхий даяарх авьяаслаг, өөрөөр сэтгэгч гар урлаачид, загвар зохион бүтээгчид болон мэргэжлийн экспертүүд хамтран ажиллаж болох шинэ талбар юм” хэмээн тодорхойлсон байна. Түүний шинэ брэндийн вэбсайт хандалт ихтэй байгаа бөгөөд “Цаг хугацааг үл хамаарах урлаг ба тансаг зэрэглэлийн хувцас дизайн” гэсэн уриаг нүүр хуудсандаа дэвшүүлжээ. Алдарт жүжигчин маань энэ брэндээрээ дамжуулж он удаан жил өмсөх чанартай, загварлаг хувцас бүтээснээр эх дэлхийн хэвлийг сүйтгэж буй сая сая тонн хувцасны хог хаягдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаа ажээ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд тэрээр өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ загварын сонголтоор дамжуулан үнэнч фенүүддээ “Дахин боловсруулсан материалаар хийгдсэн хувцас ба хуучин хувцсаа эргэн өмсөх нь ухаалаг сонголт юм” гэсэн мессежийг илгээх болсон билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт