Батлагдсан: Белла Хадид Victoria’s Secret загварын шоунд оролцоно

Загвар өмсөгч бүсгүй албан ёсны мэдэгдэл хийлээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Victoria's Secret загварын шоунд оролцох моделиуд тодорхой болох үед бид бүгдийн сайн мэдэх гурван загвар өмсөгчийн нэрс тэрхүү жагсаалтад харагдаагүй. "Кендалл Женнер, Жижи Хадид ба Белла Хадид нар үнэхээр энэ жилийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй гэж үү?" гэх мэдээллүүд интернет сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэхдээ сэтгэлээр унасны хэрэггүй. Учир нь гурван алдарт модель баярт мэдээгээ зориуд нууцалж байж болох юм. Юутай ч тэдний нэг Белла Хадид өчигдөр өөрийн албан ёсны Instagram хуудсаар дамжуулан Victoria's Secret-ийн тайзнаа гарах болсноо бататгалаа.

 

"Дахин нэг удаа энэхүү загварын шоуны нэгэн хэсэг болох гэж буйдаа маш их талархаж байна. Энэ жил брэндийн төв оффис руу алхан орохдоо би маш аз жаргалтай, эрүүл бөгөөд хүндтэй мэдрэмж авлаа. Ээлжит гайхамшигтай шоуг тэсэн ядан хүлээж байна! Загварын тайзнаа хамт алхах болсон бүх бүсгүйчүүддээ баяр хүргэе" хэмээн Белла бичжээ.

Харин түүний эгч Жижи Хадид болон дотнын найз Кендалл Женнер нар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн эдгээр орчин үеийн "It girls" нарын бүрэлдэхүүнд багтдаг Хейли Болдуин энэ жил анх удаа Victoria's Secret загварын шоунд оролцож магадгүй гэсэн цуурхал тархаад байгаа.

 

Ө.Тодгэрэл

2017-08-28, 12:00