Бейонсегийн спорт цуглуулга худалдаанд гарлаа

Ivy Park

Залуу бүсгүйчүүдийг идэвхжүүлж, спортлог амьдрах урам зориг өгөх хамгийн шилдэг хүн бол мэдээж хэрэг Бейонсе юм. Дуучны төгс, хүчирхэг галбир мөн түүний эрч хүчтэй дуунууд олон сая хүнийг байлдан дагуулж чаддаг. Тэгвэл түүний шинэ спорт цуглуулга фэнүүдэд нь хэрхэн нөлөөлөх бол?

Поп хатагтай Бейонсе Topshop брэндийн эзэмшигч Филипп Гринтэй хамтарч Topshop Athletic нэртэй шинэ спорт брэнд үүсгэж байгаа талаар бид өнгөрсөн жилийн сүүлээр мэдэгдэж байсан. Харин одоо брэндийн анхны цуглуулга худалдаанд гарсан гэх таатай мэдээг та бүхэнд дуулгаж байна. Тэдний хамтарсан "Ivy Park" цуглуулга 200 гаруй загвараас бүрдсэн бөгөөд Topshop, Nordstrom, Zalando, Net-a-Porter, Selfridges ба Hudson's Bay Co. гэх зэрэг томоохон дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Бейонсе цуглуулгынхаа талаар "Шинэ түншийн харилцаа эхлүүлж, бие даасан брэнд үүсгэж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү спорт брэндийн зорилго нь эмэгтэйчүүдийг дэмжиж, урам өгөхөд оршиж байгаа юм. Түүнчлэн тэдэнд өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлэхийг хүсэж байна" хэмээн ярьжээ.

Тус брэндийн гол зорилтот зах зээл нь эрүүл мэндийн клубт байнга хичээллэдэг, гүйх болон  gym-д бэлтгэл хийх дуртай, асар их тэмүүлэлтэй, идэвхтэй хүмүүс байх аж. Эдгээр спорт цээживч, хээтэй хүрэм, хосолсон леггинс, дуучны хувийн стилийг шингээсэн боди зэргээс бүрдсэн цуглуулгыг бүтээхийн тулд 18 сарын турш боловсруулж бэлэн болгосон гэнэ.

Ө.Тодгэрэл

2016-04-01, 12:00

  • Зураг: