Бид бүгдийн хайртай сандаал одоо бүр ч загварлаг боллоо
Италийн Valentino загварын ордон хөлд эвтэйхэн гутлаараа алдаршсан Birkenstock брэндтэй хамтран хоёр шинэ загвар гаргалаа. Хоёр хоногийн өмнө Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулсан шинэ загварууд нь Birkenstock-ийн хамгийн алдартай Arizona сандаалийн тансаг зэрэглэлийн хувилбар болж байгаа юм.
Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли уг загваруудыг урласан бөгөөд ингэхдээ тэрээр цагаан өнгийн VLTN лого бүхий хар хувилбар, мөн тод улаан өнгийн арьсан материалтай хувилбарыг танилцуулжээ. Загварын шоуны үеэр дизайнер энэхүү гутлыг оймстой хослуулан тайзнаа гаргасан нь зөвхөн зун гэлтгүй, хүйтэн улирлуудад ч өмсөх боломжтойг илтгэж байлаа.
"Birkenstock-той хамтрах болсон гол шалтгаан нь уг брэндийн дахин давтагдашгүй шинж чанар. Чи юу өмсдөг ч байсан, хэн ч байсан, хэдэн настай, ямар хүйстэй, ямар стильтэй байсан ч хамаагүй Birkenstock бол өөрийн гэсэн жижиг ертөнцийг бий болгож чадсан дахин давтагдашгүй зүйл юм" хэмээн Пьерпаоло Пиччоли хамтын ажиллагааны тухай хэлжээ.
Эргэн сануулахад Birkenstock-ийн сандаал нь ойролцоогоор долоон жилийн өмнө дизайнер Фиби Файлогийн ачаар алдрынхаа оргилд хүрч тэр цагаас хойш эрчээ алдалгүй одоо ч хамгийн хөлд эвтэйхэн загварлаг сандаал гэх тодотголтой байдаг билээ.
Унисекс загварын шинэ сандаал тун удахгүй Valentino брэндийн албан ёсны вебсайт болон салбар дэлгүүрүүдээр £310 (улаан) ба £340 (хар) үнэтэйгээр худалдаалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт