Wallpaper* сэтгүүл дэлхийн хувцас загварын алдарт дизайнеруудад хандан, эдгээр карантины өдрүүдэд гэрийнх нь цонхоор харагдаж буй дүр зургийг цаасан дээр буулгахыг хүсжээ. Уг төсөлд Маноло Бланик, Мария Грация Кьюри, Том Браун, Изабель Маран, Дэниел Розенберри болон бусад томоохон брэндүүдийн бүтээлч захирлууд хамрагдсан байна.
"Бээжингээс Берлин, Лондонгоос Лонжано хүртэл дэлхийн өнцөг булан бүрт, гэртээ дөрвөн хананы дунд карантинд орсон байгаа дизайнеруудаас бид цонхоор харагдаж буй дүр зургаа зураг болгон буулгахыг хүслээ" хэмээн сэтгүүл тайлбар бичжээ.
Дизайнеруудын цонхоор Барокко үеийн Ромын архитектур, Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэсгэлэнт газрууд харагдах бөгөөд тэд бүгд гэртээ тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрүүлж, есдүгээр сард танилцуулах шинэ цуглуулгууд дээрээ ажиллаж байна.