DKNY брэндийн PR Girl ажлаасаа гарчээ

Олон нийтийн сүлжээ хоосорлоо

Donna Karan International-ын PR Girl нэрээрээ алдаршсан Алиса Лихт нь компанийг орхиход түүнийг дагаад Twitter болон Instagram-ын архивын бүх нийтлэлүүд ч мөн адил алга боллоо

Алис Лихт 8-р сарын 3-нд брэндийнхээ Twitter хуудсанд хамгийн сүүлд мэдээ хийхдээ нэг чухал мэдэгдэл гаргасан байна. Уг нийтлэлд Алиса @dkny-гийн бүх дагагчдад хандан, түүний бичсэн "Мөрөө үлдээ" номын талаар асуух зүйлс байвал @AlizaLicht хувийн хуудас уруу нь хандахыг хүсчээ. Энэ явдлаас 10 хоногийн дараа DKNY-гийн Twitter хуудас хоосорч, Алисагийн бүтээсэн архивын нэг ч нийтлэл үлдсэнгүй. Брэндийн Instagram-ын хувьд гэвэл зөвхөн 12 ширхэг хар цагаан зураг болон "Ажил 9-р сарын 16 хүртэл явагдаж байгаа " гэсэн бичиг үлджээ.

Алиса брэндийнхээ олон нийтийн сүлжээг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр долоон жил ажилласан. Тэрбээр анх 2009 онд PR Girl ойлголтыг сэдсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл DKNY брэндийн шүтэн бишрэгчдэд бүхий л чухал мэдээг хүргэж ирсэн юм. Түүний хичээл зүтгэл маш амжилттай байсныг Twitter-ийн 539 мянган дагагч болон 612 мянган Instagram-ын дагагчдаас харж болно.

Одоогоор Алиса мэдэгдэл хийгээгүй ч түүний ажлаа орхисон шалтгаан нь DKNY-гийн удирдлага солигдсонтой холбоотой нь гарцаагүй. Брэндийн бүтээлч захирлаар Максвелл Осборн болон Дао-И Чоу нар  4-р сард томилогдсоноос хойш хамт олны бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч эхэлсэн. Гурван сарын дараа гэхэд тус загварын ордны үүсгэн байгуулагч Донна Каран брэндээ орхисон бол, харин одоо араас нь Алиса Лихт явлаа. Үүнээс харахад Осборн ба Чоу нар цоо шинэ стратеги гаргаж, брэндийн PR Girl-ийг ондоо "дуу хоолойгоор" солихоор шийдсэн бололтой.

 

Ө.Тодгэрэл

2015-08-14, 09:00

  • Зураг: