Донателла Версаче нэрийн брэндээ орхиж, Демна Гвасалия Gucci рүү шилжлээ

Загварын ертөнцийн эргэн тойронд

Өнгөрсөн шөнө биднийг тайван нойрсож байх зуур дэлхийн загварын ертөнцөд хоёр чухал үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал 1997 оноос эхлэн Versace загварын ордны бүтээлч захирлаар ажилласан Донателла Версаче албан тушаалаасаа бууж байгааг мэдэгдсэн байна. Versace ордныг түүний төрсөн ах Жанни Версаче 1978 үүсгэн байгуулж байсан бөгөөд түүний аллагын дараа Донателла брэндээ хариуцах болсон юм.

Харин Донателла Версачег орлохоор Miu Miu брэндийн дизайн хариуцсан захирлаар ажиллаж байсан Дарио Витале томилогджээ. Ингэснээр Италийн алдарт загварын ордныг бараг 50 жилийн түүхэнд анх удаа Версачегийн гэр бүлийн бус хүн удирдахаар болж байна. Гэхдээ Донателла Versace-с бүр мөсөн гарахгүй бөгөөд брэндийн элчийн үүргийг гүйцэтгэх юм. Брэндийн толгой компани Capri Holdings-ийн мэдэгдсэнээр алдарт дизайнер цаашид Versace ордны сайн үйлсийн ажлуудыг дэмжихийн зэрэгцээ олон улс дахь брэндийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх гэнэ.

Донателла Версаче “Дараагийн үеийн дизайнеруудаа дэмжих нь надад үргэлж чухал байсан. Дарио Витале бидэнтэй нэгдэж байгааг хараад их сэтгэл догдолж байна. Бас Versace-г шинэ нүдээр харна гэхээс тэсэн ядаж байна. Мөн бараг 30 жилийн турш хамтарч ажилласан гайхалтай дизайны баг болон бүх ажилтнууддаа талархлаа илэрхийлье” хэмээн албан ёсны мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Дараагийн чухал томилгоо Gucci ордонд явагджээ. 2015 оноос хойш Balenciaga загварын ордны бүтээлч захирлын албыг хашсан Демна Гвасалия Gucci-д орохоор (artistic director албан тушаалд) болсныг бэндийн толгой компани Kering мэдэгдлээ. Гүржийн алдарт дизайнер Balenciaga брэндийн кутюр загварын шоуг ирэх долоодугаар сард хийсний дараа шинэ ажлаа хүлээн авах юм.

Шинэ томилгооны тухайд дизайнер “Gucci гэр бүлд нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Олон жилийн турш биширч, хүндэлж ирсэн брэндийнхээ нэг хэсэг болно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг” хэмээжээ. Ямартаа ч тэрээр биднийг Balenciaga-д байсан шигээ гайхшируулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Г.Тэмүүлэн

2025-03-14, 12:11