Жижи Хадид өөрийн өө сэвийн талаар Reebok-ийн шинэ сурталчилгаанд ярьж байна

#PerfectNever

Reebok эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаарх стереотипийг эвдэх зорилготой сурталчилгаа гаргалаа

"Бодит амьдрал дээр төгс зүйл гэж үгүй" гэдгийг дэлхийн нийтэд хүргэхийг зорьсон #PerfectNever аян өрнөж байна. Reebok компани гоо үзэсгэлэнгийн талаарх нийгмийн тогтсон жишигт багтдаггүй "өө сэвүүд" үнэн хэрэгтээ тухайн хүнийг бусдаас онцгой болгодгийг ойлгуулахыг хүсч, уг сурталчилгааныхаа нүүр царайгаар Жижи Хадидыг сонголоо. Жижи бол дэлхийн хамгийн стандартчилагдсан салбаруудын нэг болох загварын ертөнцөд өөрийн бусдаас өвөрмөц галбир ба зан чанараараа ялгарч, амжилт олж чадсан модель. Тэр карьераа эхлүүлж байх үедээ бусад хэтэрхий туранхай загвар өмсөгчдөөс илүү махлаг галбир, булцгар хацар, өхөөрдөм дүр төрхтэй байсан ч энэ нь түүнийг өнөөдрийн оргилд хүрэхэд нь огтхон ч саад болсонгүй. Жижигийн дутагдлаа хүлээн зөвшөөрдөг, илэн далангүй, хошин зан хүмүүсийг түлхэх биш, харин ч эсрэгээрээ түүнийг бишрэхэд хүргэсэн юм.

"Би бүр багаасаа л ээж бас эмээгээсээ төгс зүйл гэж байдаггүйг сонсож ирсэн. Тэд үргэлж алдаа гаргах нь зүгээр, алдаанаасаа суралцах нь ч бас зүгээр, мөн чи яаж хичээсэн ч хэзээ ч төгс болж чадахгүйг хэлдэг байсан" хэмээн Жижи Reebok-ийн сурталчилгаанд ярьжээ.

Өмнө нь морин спорт ба волейболоор хичээллэдэг байсан Жижи өөрийн алдаа, дутагдлаасаа болж хэт их санаа зовниж, тэр байдалдаа гацах нь зорилгодоо хүрэх замд саад хийдгийг эртнээс ойлгосон аж. "Би өрсөлдөөнт спортын тамирчин байхдаа төгс байхыг маш их хичээж, үүн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Үүнийг харсан дасгалжуулагч маань намайг хаяа бүр тэмцээнээс хасчихдаг байсан шүү. Би гаргасан алдаа дээрээ хэт төвлөрснөөс болж дараа нь дахиад л өөр алдаа гаргачихдаг байсан. Энэ яг л домино эффект шиг юм" хэмээн Жижи хувийн туршлагаасаа илүү дэлгэрэнгүй хуваалцсан байна.

 

 

Buro.Mongolia

2016-10-07, 13:09

  • Зураг: