Kenzo-гийн бүтээлч захирлууд Кэрол Лим ба Умберто Леон нарын H&M брэндтэй хамтран бүтээсэн цуглуулга аравдугаар сарын 19-нд нээлтээ хийж, арваннэгдүгэр сарын 3-наас эхлэн дэлхийн 250 H&M салбар дэлгүүрүүдээр худалдаалагдах гэж байна
Kenzo x H&M цуглуулгын бүтэн каталог дөнгөж өнөөдөр олонд дэлгэгдсэн бөгөөд зураг авалтад нь дэлхийн өнцөг бүрийн этгээд стильтэй бүсгүйчүүд оролцсон байна. Уран бүтээлч ба DJ Жулиана Хакстэйбл, нийгмийн идэвхтэн ба зохиолч Эйми Солл, зурагчин Йонгжун Ку, нүүр хувиргагч Исамая Фрэнч болон хөгжимчин Anna of the North нар мэргэжлийн загвар өмсөгчдийн хамтаар зургаа даруулжээ. "Тэд бол бидний хүндэлж явдаг, зөвхөн загвар гэлтгүй бусад олон салбарт нөлөө үзүүлдэг, шинэ үеийн тэргүүлэгч бүсгүйчүүд юм" хэмээн дизайнер Леон хэвлэлийнхэнд ярьжээ.
Шинэ цуглуулга орчин үеийн болон Kenzo брэндийн эртний уур амьсгалыг хослуулж байгаа гэнэ. "Бид уг цуглуулгаараа Кензо Такадагийн эхлүүлсэн мөн бидний үргэлжлүүлэн бүтээсэн зүйлсийг хамтатган харуулахыг зорьсон" хэмээн Леон нэмж хэлсэн байна.
Дашрамд дурдахад саяхан жүжигчин Жессика Алба цуглуулгын баялаг хээтэй, өвдөг давсан урттай даашинзыг өмссөнөөр паппарацид өртөж, шуугиан тарьж буй хамтын ажиллагааны хамгийн анхны худалдан авагчаар тодорлоо. Тэр даашинзыг богино түрийтэй хар гутал ба ижил өнгийн урт кардиган цамцтай хослуулсан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт