Энэ жилийн Хэллоуинаар Хайди Клум ямар дүр сонгосон бэ?

Made in Germany

Хэллоуины хатан хаан гэгддэг Хайди Клум жил бүр хамгийн шилдэг хувиралт сонгож, танигдахын аргагүй болдгийг хүн бүр мэдэх биз ээ. Түрүү жил Жессика Раббит, өмнөх жилүүдэд нь эрвээхий, настай эмэгтэй, хар хэрээ, сармагчин гэх зэрэг байж болох хамгийн өндөр түвшний дүр хувиргалтыг харуулсан топ модель бүсгүй энэ жил бас дахин нэг удаа хэний ч урьд өмнө нь туршиж байгаагүй цоо шинэ санааг хэрэгжүүллээ.

Бүхэл өдрийн турш өөрийн Instagram хуудаснаа тизер зургууд нийтэлж, шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг бадраасан тэрбээр хэдхэн цагийн өмнө бүрэн костюмаа харууллаа. Хайди Нью-Йорк хотын жил бүр зохиогддог арвандолоо дах удаагийн Хэллоуины үдэшлэг дээр аварга том модон хайрцаг дотор хүрэлцэн ирсэн бөгөөд хайрцгийг нээх явцад дотор нь хоорондоо ялгагдахын аргагүй зургаан бүсгүй гарчээ. Биеийн өнгөтэй өвдөг давсан гутал ба бодигоор гоёсон зургаан бүсгүй бүгд ижилхэн царай ба үсний засалттай байлаа. Тэдний нэг нь мэдээж хэрэг Хайди өөрөө байсан бол бусад тав нь түүний клонууд байж, олныг алмайруулсан юм.

Мэргэжлийн нүүр хувиргалтын аргаар Хайди шиг болон хувирсан зарим бүсгүйчүүдийн царай түүнтэй маш төстэй байсан бол зарим нь харин бага зэрэг ялгарч байлаа. Олон нийтийн сүлжээгээр загвар өмсөгчийн зургууд тархах үед зарим хэрэглэгчид "урам хугарлаа" гэх сэтгэгдэл үлдээж, харин зарим нь түүнийг "Хэллоуины Санта Клаус" хэмээн нэрлэж, аймшгийн баярын хамгийн том сюрпризийг барьдагт талархсан юм. Харин танд түүний энэ жилийн сонголт таалагдаж байна уу?

 

Ө.Тодгэрэл

2016-11-01, 19:00