Брэнд үүнийг үгүйсгэсэн байна
Highsnobiety-гийн мэдээллэж буйгаар дизайнер Демна Гвасалиягийн үүсгэн байгуулсан Vetements брэнд рүү хандсан хэрэглэгчдийн сонирхол сүүлийн үед буурах болжээ. Энэ талаар сэтгүүлийн хамт олон салбарын мэргэжилтнүүдтэй ярилцсан бөгөөд томоохон дэлгүүрүүдийн борлуулагчид, захиалга өгөгчид ба Vetements брэндийн хуучин ажилчдаас нууц мэдээлэл авсан байна.
"Манай дэлгүүрийн Vetements брэндээс хийсэн өмнөх улирлын захиалгыг шинэ улиралтай харьцуулбал бидний захиалсан барааны хэмжээ ойролцоогоор 70%-иар буурсан" хэмээн нэгэн томоохон дэлгүүрийн захиалга өгөгч хэлжээ.
"Жижиглэнгийн худалдааны өнцгөөс хараад үзвэл Vetements брэнд үхсэн гэж хэлж болно. Сүүлийн хоёр улирлын хугацаанд хэн ч энэ брэндийн хувцсыг сонирхож харсангүй. Брэндийн борлуулалт маш эрчимтэй буурсны улмаас зарим дэлгүүрүүдэд Vetements-ийн загварууд 60-70% хямдралтай худалдаалагдаж байна" гэж өөр нэгэн захиалга өгөгч онцоллоо.
"Бид уг брэндийн хувцаснуудыг борлуулсан хэвээр байх болно. Гэхдээ бараанууд урьд өмнөх шигээ өндөр борлуулалттай байхаа больсныг хэлэх нь зүйтэй" хэмээн гурав дахь дэлгүүрийн захиалга өгөгч сэтгэгдлээ хуваалцжээ.
"Бүгд л брэндтэй салах ёс хийж байна. Vetements-ийн хувцаснуудын үнэ ойлгомжгүй шалтгаанаар хэтэрхий өндөр болсон нь хүмүүсийн сонирхол буурахад хүргэсэн гэж хэлж болно. Брэндийг анх үүсгэн байгуулагдаж байхад бий болсон ‘хайп' одоо алга болсон тул хүмүүс ийм өндөр үнийг хүлээн зөвшөөрөхөө ч бас больсон" гэж Vetements брэндийн бүтээгдэхүүнүүд борлуулагддаг нэгэн дэлгүүрийн менежер ярьжээ.
"Эцсийн эцэст худалдан авагчид тэнэг биш шүү дээ" хэмээн бас нэгэн захиалга өгөгч дүгнэлт хийн хэлсэн байна.
Ерөнхийдөө салбарын ихэнх мэргэжилтнүүд Vetements-ийг шинэлэг санаа гаргахгүй байна хэмээн шүүмжилж, хуучин улирлуудынхаа санаануудыг дахин гаргаж байгаа атлаа ийм зэргийн өндөр үнэ тавьж байгаад дургүйцэж байгаа гэнэ. Тухайлбал Снуп Доггийн хөрөг зурагтай футболкаг брэнд 924 ам.доллараар, мөн спорт хэв маягтай оймсыг 85 ам.доллараар үнэлж байна.
Гэсэн хэдий ч Saks Fifth Avenue, Harrods, Jeffrey New York, Maxfield ба The Webster дэлгүүрүүдийн захиалга өгөгчид болон Vetements-ийн гүйцэтгэх захирал Гурам Гвасалия нар WWD сониноор дамжуулан борлуулалт буурсан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Гурамын онцлон хэлснээр Vetements одоо хүртэл маш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд брэндийн борлуулалт 50%-иар өссөн гэнэ.
Түүнчлэн Нью-Йоркийн Jeffrey дэлгүүрийн эзэмшигч Жеффри Калински Vetements-ийг өмөөрөн, тус брэндээс жил бүр 350-450 мянган ам.доллараар захиалга өгч, дараагаар нь бараануудаа бүрэн борлуулж чаддагаа хэлсэн байна. Мөн Лондонгийн Harrods дэлгүүрийн ажилтан Хелен Дэвидийн мэдэгдсэнээр Vetements-ийн борлуулалт тэдний хүлээлтийг үргэлж давж чаддаг ба худалдан авагчид авсан бүтээгдэхүүндээ үргэлж сэтгэл хангалуун байдгийг онцолжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт