Итали маягийн үлгэр: Кьяра Ферраньи хуримаа хийлээ

Рэппер Федерико Лючиятай албан ёсоор гэрлэлтээ батлууллаа

Есдүгээр сарын 1-ний өдөр алдарт The Blonde Salad блогын үүсгэн байгуулагч Кьяра Ферраньи Fedez нэрээрээ танигдсан Италийн рэппер Федерико Лючиятай хуримаа хийлээ. Хурим Сицилийн Ното хотод Dimora delle Balze нэртэй 19-р зууны ордонд зохиогдсон бөгөөд ёслолын үйл ажиллагаа бүхэлдээ гадаа хийгджээ. Федерико 2017 оны тавдугаар сард тоглолтынхоо үеэр Кьярад гэрлэх санал тавьсан ба Кьяра тус жилийн намар бие давхар болсноо олонд мэдэгдсэн юм.

Хуримын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хосууд найз нөхөд ба дотны хүмүүсээ #TheFerragnez лого бүхий Alitalia хувийн онгоцоор ордон руу хүргэсэн бөгөөд онгоцон доторх хөнгөн зууш, ус зэрэг нь ч мөн хосуудын логогоор бүрхэгдсэн байжээ.

Хуримын ёслол ургамал ба цэцэгсээр хүрээлэгдсэн үлгэрийн орчинд зохиогдсон нь яг л хунтайж Харри ба Меган Маркл нарын хурим мэт нүсэр хэмжээтэй байлаа. Мөн мэдээж хэрэг загварын шүтээн болсон Кьярагийн даашинз олны урмыг хугалсангүй. Dior ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри сүйт бүсгүйд зориулан нэг ч биш, бүр гурван кутюр даашинз урлажээ. Кьярагийн ёслолын үйл ажиллагаанд өмссөн нэгдүгээр даашинз урт ханцуйтай торон боди ба олон давхар тюль хормойгоос бүрдсэн бөгөөд бүхэлдээ маш сонгодог, романтик хэв маягаар хийгдсэн байв. Хоёр дахь буюу хүлээн авалтын даашинз Dior ордны хавар-зун 2017 цуглуулгаас сэдэвтэй бөгөөд уран хатгамал бүхий оргилуун дарсны өнгөтэй газар хүрсэн тюль даашинз байлаа. Харин хүлээн авалтын дараах after party-нд Кьяра балетын хэв маягтай мини даашинз сонгожээ.

 

 

Buro.Mongolia

2018-09-03, 16:00