Карл Лагерфельд дуучин Селена Гомезын аялан тоглолтод зориулж тусгай хослол бүтээлээ

Зөвхөн түүнд

Селена Гомезын дэлхийг тойрох аялан тоглолтын тайзны хувцсыг загварын салбарын хамгийн алдартай дизайнерууд бүтээжээ. Тэр дундаас дахин давтагдашгүй Карл Лагерфельдын загвар онцгойрч байна

Залуу дуучин Селена Гомез энэ сарын 6-нд өөрийн "Revival" нэртэй, найман сарын турш үргэлжлэх аялан тоглолтоо Лас Вегас хотод эхлүүллээ. Нээлтийн тоглолт таван хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг бүрд Гомез ямар нэгэн дизайнерын түүнд зориулан тусгайлан бүтээсэн хослолыг өмсөн гарч ирсэн байна. Тэдгээр хослол дунд домогт дизайнер Карл Лагерфельдын бүтээсэн сувдан хатгамалтай хар өнгийн гялалзсан загвар байсан юм. Савхин бариу өмдтэй хосолсон даашинз нь 12,000 гаруй сувдаар чимэглэгдсэн бөгөөд дизайнерын Парис дахь нэрийн урлан уг загварыг бүтээхийн тулд 200 гаруй цаг зарцуулсан аж.

"Би Карл Лагерфельдын бүтээсэн загварыг хараад үнэхээр гайхсан. Түүний загварыг өмсөх үед би өөрийгөө маш хүчирхэг эмэгтэй мэт мэдэрч, сайхан байсан шүү" хэмээн Селена Гомез ярьжээ.

"Revival" аялан тоглолт АНУ, Канадын хотуудаас эхэлж, Ази, Европ тивүүдээр үргэлжилж, Мексик улсад арван хоёрдугаар сарын 18-нд өндөрлөх болно.

Ө.Тодгэрэл

2016-05-10, 13:00

  • Зураг: http://fashionista.com/2016/05/selena-gomez-revival-tour-looks