Кейт Миддлтоны хуримын даашинзны загвар хуулбар байсан уу?

Сара Бертоны дизайныг тойрсон шуугиан

Alexander McQueen загварын ордны бүтээлч захирал Сара Бертоны урласан Кембрижийн гүнгийн эхнэрийн хуримын даашинз гэнэтийн хэл амд өртлөө

Их Британийн нэгэн олонд танигдаж амжаагүй дизайнер Кристин Кендалл тун удахгүй дэлхий даяар алдартай болох магадлалтай байна. Тэрбээр бүтээсэн дизайныхаа ачаар биш, харин эхлүүлсэн шуугианыхаа улмаас олны анхаарлыг татлаа.

Хатагтай Кендалл Alexander McQueen загварын ордныг бүтээлийн хулгайн хэрэгт буруутгаж, шүүхэд өгчээ. Дизайнерын мэдэгдэж буйгаар 2011 онд хуримаа хийсэн Кейт Миддлтоны хуримын даашинзны загвар түүний эртний бүтээлийн хуулбар гэнэ. Кендалл энэхүү гомдлыг баримтжуулах зорилгоор өөрийн ноорог зургуудыг олонд дэлгэжээ.

Хааны гэр бүл болон брэндийн төлөөлөгчид уг заргыг няцааж, энэ нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл болохыг мэдэгджээ. "Сара Бертон хатагтай Кендаллын ноорог зургуудыг хэзээ ч харж байгаагүй төдийгүй мөн хатагтай Кендаллыг бидэн рүү хурим болсноос 13 сарын дараа хандах хүртэл огт таньдаггүй байсан билээ. Хатагтай Кендалл энэ асуудлыг ямар зорилгоор хөндөх болсныг сайн мэдэхгүй ч, энэ нь үнэхээр утгагүй гомдол юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй гэдгийг баттай хэлэх байна" хэмээн Alexander McQueen ордны төлөөлөгч WWD сэтгүүлд ярьсан байна.

Кристин Кендалл 500,000 паундын нөхөн олговор төлөх болон зохиогчийн эрхийг нь хамгаалахыг шаардаж байгаа аж.

Ө.Тодгэрэл

2016-04-26, 08:00

  • Зураг: