Хувийн захиалгаар хийгдэх Карл Лагерфельдын кетнүүд

Karl Kustomize

Карл Лагерфельд биднийг гайхшруулсаар л байна. Бид өчигдөрхөн түүнийг Парисын дуурьд зориулж 100 гаруй тайзны хувцас урласныг нь олж мэдсэн бол, өнөөдөр тэр цоо шинэ төсөл эхлүүлж буйгаа мэдэгдлээ

Карл Лагерфельдын авьяас чадваруудыг тоолж баршгүй мэт санагдана. Тэр интерьер дизайн гаргаж, комикс ном зурж, киноны зураг авалт хийж, ном бичиж, мөн энэ бүхнийхээ хажуугаар Chanel, Fendi ба өөрийн нэрийн брэнддээ зориулж цуглуулгууд бүтээж амждаг билээ. Тэр энэ удаад бас нэгэн шинэ төсөл эхлүүлж, худалдан авагчдын хувийн захиалгаар хийгдэх "Karl Kustomize" кетнүүдийг танилцуулж байна.

Лагерфельдын karl.com гэх албан ёсны вебсайт дээр тавигдсан мэдээллийн дагуу Karl Kustomize-ыг долоодугаар сарын 7-ноос эхлэн захиалах боломжтой гэнэ. Бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн хэрэглэгчдэд арван төрлийн сонголт хийх боломжтой юм байна.

Тэд кетний ул, үдээс, оёдол, доторлогоо, хээ, нэмэлт хатгамал, материал зэргийг нь өөрийн сонирхолд тааруулан захиалж болох юм. Karl Kustomize кетнүүдийг лакан арьс, мөнгөлөг гялбаатай арьс болон илгэн материалаар хийх боломжтой бөгөөд илүү үнэтэй загвар сонирхож байгаа нэгэн нь этгээд амьтдын арьсыг сонгож болох аж. Долоо хоногийн турш хийж, бэлдэх загвар бүр хэрэглэгчдийн захиалгаас хамааран 325-3500 еврогийн үнэтэй байх аж.

Мөн Карлын сонирхлоор бүтээгдсэн цөөн хэдэн "Karl Kustomize" кетнүүд Karl Lagerfeld брэндийн нэрийн дэлгүүрүүдээр тун удахгүй борлуулагдаж эхэлнэ.

Buro.Mongolia

2016-07-04, 13:00

  • Зураг: