Кристофер Бейли Burberry брэндээс гарна

17 жил ажилласны эцэст

Өчигдөр Business of Fashion сэтгүүл нэгэн гунигтай мэдээ дуулгалаа. Тодруулбал Burberry ордны ерөнхийлөгч ба бүтээлч захирал Кристофер Бейли 2018 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Брэндэд нийт 17 жил ажилласны эцэст Бейли ийнхүү салах ёс гүйцэтгэж, хувийн уран бүтээлдээ шамдан орохоор шийдсэн байна.

Кристофер Бейли өөрийн албан ёсны мэдэгдэлд "Burberry-д ажилласан маань миний карьерын хамгийн нэр хүндтэй боломж байлаа. 17 жилийн турш ийм гайхамшигтай баг хамт олонтой ажиллаж, суралцсандаа талархаж байна. Burberry-г үнэхээр сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна" хэмээн бичжээ.

Харин Burberry ордны шинэхэн гүйцэтгэх захирлаар томилогдсон Марко Гобетти "Burberry ордон 2001 оноос хойш гайхалтай замыг туулж, өөрчлөгдсөн. Кристофер үнэхээр л компанийг асар том амжилтанд хүргэж чадсан. Бид дахиж түүнтэй хамтрахгүй болсонд би гуниглаж байгаа ч, түүний үлдээсэн өв хөрөнгө болон манай хамт олны ур чадварыг харан, би брэндийн гэрэлт ирээдүйд итгэлтэй байна. Бид Burberry-гийн амжилтыг хэрхэн өсгөх талаар тодорхой төлөвлөгөөтэй байгаа" гэх мэдэгдэл өглөө.

Buro.Mongolia

2017-11-01, 13:00

  • Зураг: