Леди Гага 33 нас хүрлээ: Түүний сүүлийн жилд бүрдүүлсэн шилдэг төрхүүд

Мөн дуучин бүсгүйн стиль хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

2018 он дуучин Леди Гагагийн хувьд амжилт ололтоор дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Тэрээр Оскарын шагналт "A Star Is Born" кинонд гол дүр бүтээхээс гадна хувцаслалтын стильдээ томоохон өөрчлөлт оруулан олныг гайхшруулсан авсан юм. Өмнө нь бага зэрэг гаж гэмээр, өдөөн хатгасан, этгээд төрх бүрдүүлдэг байсан тэрээр хүсвэл хэн бүхний харааг булаасан дэгжин бүсгүй байж чадахаа харууллаа.

Мэдээж Леди Гагагийн хувь хүний онцлог, авьяас чадварыг үгүйсгэхийн аргагүй ч түүний стилийг ийнхүү орвонгоор нь өөрчлөхөд тусалсан гол хүмүүс бол стилистүүд Сандра Амадор ба Том Иребут нар юм. Эдгээр стилистүүд өмнө нь бараг 10 гаруй жилийн хугацаанд Гагагийн үндсэн стилистууд болох Брэндон Максвелл ба Анна Тревелян нарын туслахаар ажилласан бөгөөд Брэндон Максвелл нэрийн брэндээ хөгжүүлэхээр шийдэн дуучны стилистийн албан тушаалаа орхих үед түүнийг орлон ажиллах болсон юм.

Харин тухайн үед Леди Гага Холливүүдийн мюзиклд дүр бүтээгээд амжсан байсан тул киноны нээлт дэлхий даяар зохион байгуулагдаж олон арван улаан хивсэн дээр гарах шаардлага гарсан. Энэ нь ч шинэ стилиэ харуулах төгс нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн юм. Dior-ийн цасан цагаан өмсгөл, Alexander McQueen-ы дундад зууны хослол, Valentino-гийн Холливүүдийн уур амьсгалтай даашинз, Tiffany & Co-гийн 128,54 карат бүхий шар очир эрдэнэ чулуутай үнэт эдлэл гээд түүний сүүлийн жилд бүрдүүлсэн төрх бүр маш амжилттай байсан. Ингээд бид дуучин бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ түүний шилдэг төрхүүдийг дахин дурсаж байна.

Buro.Mongolia

2019-03-28, 16:00