LVMH групп Christian Dior-ыг 13 тэрбум доллараар худалдан авна

Группийн эзэмшилд бас нэгэн хүчирхэг брэнд хамрагдлаа

Францын LVMH групп Christian Dior ордны хувьцааг 13 тэрбум доллараар худалдан авахаар тохирчээ. Ингэснээр тус групп Christian Dior Couture, Haute Couture, мөн эрэгтэй ба эмэгтэй ready-to-wear хэлтсүүдийг эзэмших юм.

LVMH Christian Dior-ын нэг ширхэг хувьцааг 172 еврогоор худалдан авч, дараагаар нь Hermès International болон бусад хувьцаа эзэмшигчдийн хувийг худалдан авахаар төлөвлөсөн байна.

"Энэхүү худалдан авалтын ачаар LVMH групп өөрийн эзэмшилд бас нэгэн хүчирхэг брэнд нэмэх болно" хэмээн BNP Paribas компанийн шинжээч Лука Солка онцолжээ.

Францын тэрбумтан Бернар Арногийн удирддаг LVMH групп нь цуврал худалдан авалтуудын ачаар бий болж, өнөөдрийг хүртэл амжилттай бизнес явуулж байна. Групп одоогийн байдлаар Bulgari, Hublot SA, Cèline, Guerlain SA болон Parfums Christian Dior брэндүүдийг эзэмшиж байгаа. 

 

Buro.Mongolia

2017-04-26, 08:00

  • Зураг: