Monalun брэндийн “Торгоны зам 2018” загварын шоу Богд хааны ордон музейд болно

2018 оны долоодугаар сарын 9-нд

Монголын тэргүүлэх брэндүүдийн нэг Monalun “Торгоны Зам” загварын шоугаа хоёр дахь жилдээ, нийслэл хотын ээлжит түүхэн газарт зохион байгуулах гэж байна

Уламжлалт болон орчин үеийн төрөл бүрийн технологи, материалыг ашиглан энгийнээс гоёмсог бүхий л төрлийн хувцас, загварыг ертөнцийн аливаа юмс, үзэгдлээс урган гарах содон шийдлээр, нэгэн хэв маягт баригдалгүй урлан бүтээдэг Monalun брэнд энэ жилийн "Торгоны Зам" загварын шоугаа долоодугаар сарын 9-ний 20:00 цагт ХVII-ХХ зууны үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг Богд хааны ордон музейд зохион байгуулах гэж байна.

"Торгоны Зам" загварын шоу нь Монголын түүхэн өв соёлыг олон нийтэд сурталчлах, хойч үеэ энэхүү соёлоороо бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгох, энэхүү үйл хэрэгт залуусыг уриалан оролцуулах зорилготой.

Энэ үдэш Мonalun брэндийн шинэ цуглуулгатай танилцахын зэрэгцээ орчин үеийн контемпорари дижитал арт, цам харайх ёслол, амьд хөгжмийн тоглолт, хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй танилцах боломжтой.

Мөн Сингапурын UpFront Models агентлагийн загвар өмсөгч Аида Минибаева урилгаар хүрэлцэн ирж Monalun брэндийн загварыг тайзан дээр амилуулахаар болсон нь шоуны нэгэн онцлог болно. Тус загвар өмсөгч нь Хятад, Орос, Сингапур, Хонг Конгийн тайзнаа алхаж байсан туршлагатай. Үүний хажуугаар тэрээр сонирхлоороо DJ хийдэг ба шоуны дараа өөрийн сэтээ тоглох юм.

Мonalun брэнд 2017 оны "Торгоны Зам" загварын шоугаа Чойжин ламын музейд зохион байгуулж, нийт орлогын тодорхой хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлаж байсан. Энэ жил мөн адил Богд хааны ордон музейн тохижуулалтанд зориулагдах болно.

Загварын шоуны тасалбарыг 90076767 утсаар холбогдон эсвэл Monalun брэндийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан захиалах боломжтой.

Buro.Mongolia

2018-06-26, 12:00