Монголд анх удаа дижитал загварын долоо хоног зохион байгуулагдах гэж байна

“MPDU Digital Fashion Week” тавдугаар сарын 6-15 өдрүүдэд

Michel & Amazonka, 93//Kidult, Soyo, Zoson, Muse Art House, Futuristic Type брэндүүд хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулгуудаа дижитал загварын долоо хоногийн хүрээнд танилцуулна

Covid-19 цар тахлын улмаас Олимп, Coachella, Канны кино наадам гээд оны бүхий л томоохон арга хэмжээнүүд цуцлагдаж байгаа энэ үед бүтээлч салбарынхан урам хугаралгүй үйл ажиллагаануудаа хэвийн хуваарийн дагуу, дижитал буюу цахим технологийн тусламжтай онлайн хэлбэрээр явуулж байна. Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо ч мөн үнэнч хэрэглэгчдийнхээ хүлээлтийг хангах үүднээс ийнхүү Монголд анх удаа дижитал загварын долоо хоногийг зохион байгуулахад бэлэн боллоо.

Мэргэжлийн дизайнерууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "MPDU Fashion Week" гэх албан ёсны нэгдсэн загварын долоо хоногийг эхлүүлсэн бөгөөд тухайн үед хоёр өдрийн турш загварын шоу, танилцуулгууд зохион байгуулж, биднийг хэсэг хугацаанд ч болов бүхэлдээ загвараар амьсгалуулсан билээ. Харин одоо тэд нөхцөл байдалд тааруулан хавар-зун 2020 улиралд зориулсан шинэ загваруудаа онлайн хэлбэрээр, гэрээс гаралгүй гар утас, компьютер, таблетын тусламжтай үзэж болох форматаар танилцуулах гэж байна.

MPDU Digital Fashion Week тавдугаар сарын 6-15 хооронд зохион байгуулагдах ба арга хэмжээний хүрээнд Michel & Amazonka, 93//Kidult, Soyo, Zoson, Muse Art House, Futuristic Type брэндүүд шинэ цуглуулгуудаа зураг авалт, видео, богино хэмжээний кино, онлайн шоүрүм, веб семинар зэрэг сонирхолтой маягаар хүргэж, цуглуулгыг бүтээх явц болон илэрхийлэхийг хүссэн санаагаа хуваалцан, хэрэглэгчидтэйгээ бүр ч дотно холбогдохыг зорино.

Үүнээс гадна дижитал загварын долоо хоногийн хүрээнд BURO. Mongolia "Загварын шоу ба Тайзны ард" сэдэв дор онлайн семинар зохион байгуулах ба модераторын үүргийг Ө.Содгэрэл гүйцэтгэх юм. Онлайн семинарт Michel & Amazonka брэндийн дизайнер Ч.Нямханд болон MPDU-ы албан ёсны гишүүд болох "Anara's make up" студийн үүсгэн байгуулагч, нүүр хувиргагч О.Наранбилэг; "Gold" салоны үүсгэн байгуулагч, үсний стилист И.Батзаяа; "Scuti make up" студийн үүсгэн байгуулагч, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд нар оролцоно. Эдгээр мэргэжилтнүүд загварын шоуны зохион байгуулалт, тэр дундаа тайзны ард хийгддэг нүүр будалт, үс засалт, стайлинг зэрэг нарийн деталиуд, хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууцуудын талаар ярилцахаас гадна мөн загварын салбарын ирээдүйн талаар санал бодлоо хуваалцах билээ.

Дижитал загварын долоо хоногийн хамгийн том давуу тал нь сонирхсон хэн бүхэн эхний эгнээний үзэгч болох боломжтойд оршдог тул та бүгд энэ боломжийг бүү алдаарай.


Хавар-зун 2020 улирлын "MPDU Digital Fashion Week"-ийн хуваарь:

Шинэ цуглуулгын танилцуулгууд BURO. Mongolia болон тухайн брэндийн сошиал сувгуудаар зэрэг цацагдана.

 


BURO TALK онлайн хэлэлцүүлэг:



Хэлэлцүүлэгт Anara's make up студийн О.Наранбилэг, Gold салоны И.Батзаяа, Michel & Amazonka брэндийн дизайнер Ч.Нямханд, Scuti make up студийн Э.Эрдэнэсувд нар оролцож, BURO. Mongolia-гийн үүсгэн байгуулагч ба Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч Ө.Содгэрэл модераторын үүргийг гүйцэтгэнэ.

Buro Talk веб семинарыг үзэхийн тулд ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн и-мэйл хаягаар тань хэлэлцүүлгийг үзэх заавар болон линк ирнэ. Та яаравчлан бүртгүүлээрэй!

Buro.Mongolia

2020-05-05, 11:00