Олсен эгч дүүс эрэгтэй цуглуулга гаргана

The Row брэндийн нэр дор

Олсен эгч дүүс The Row брэндийн нэр дор эрэгтэй цуглуулга гаргах болсноо зарлалаа. Мэри-Кейт Олсен, Эшли Олсен нар эрэгтэй загваруудаа тэйлор хослолын "эх нутаг" гэгдэх Лондонгийн алдарт Сэвил Роу гудамжнаас сэдэвлэн бүтээх болсноо онцолсон юм. Тэд өмнө нь хоёр удаа эрэгтэй капсул цуглуулга гаргасан бөгөөд уг туршлагын ачаар хэрхэн үнэ цэнтэй эрэгтэй загварууд бүтээх тухай мэдээлэл цуглуулж чаджээ. 

"Эрэгтэй цуглуулгыг бүтээх явцад хамгийн чухал зүйл нь судалгаа хийх явдал байлаа. The Row брэнд анхны загваруудаа огт сурталчилгаа хийлгүйгээр Barneys New York, Net-A-Porter зэрэг дэлгүүрүүдээр дамжуулан борлуулсан бөгөөд эрэгтэй цуглуулгаа ч мөн ижил тансаг зах зээлд зориулан бүтээж байна" хэмээн мэдэгдсэн юм. Тэйлор хослол, цамц, эрэгтэй гутал, аксесуараас бүрдсэн цуглуулга ирэх аравдугаар сард худалдаанд гарахаар болжээ.

The Row брэнд байгуулагдсан цагаасаа хойш чанартай материал, дээд зэргийн эсгүүртэй минимал загваруудаараа ялгарч ирсэн ба Америкийн Загварын Дизайнеруудын Холбооноос хэд хэдэн хүндэт шагнал хүртсэн билээ. Түүнчлэн загварын салбарын мэргэжилтнүүд The Row брэндийг Америкийн Hermès ч гэж нэрлэх нь бий. 

 

 

Buro.Mongolia

2018-08-28, 11:29