Оны онцлох хурим: Никола Пельтцийн хуримын даашинз болон гоо сайхны төрх

Valentino брэндийн кутюр даашинз, 90-ээд оны үс засалт, хөнгөн нүүр будалт

Яг одоо алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм болон Америкийн бизнесмен, тэрбумтан Нельсон Пельтцийн охин Никола Пельтц нарын хуримын зургууд цахим орчныг шуугиулж байна. 76 сая ам.долларын үнэтэй тансаг харшид зохион байгуулагдаж А зэрэглэлийн алдартнуудыг нэг дор цуглуулсан энэхүү хуримын хамгийн их анхаарал татаж, ярианы сэдэв болж байгаа зүйлсийн нэг нь мэдээж хэрэг сүйт бүсгүй Никола Пельтцийн бүрдүүлсэн төрх билээ. Николагийн төрхийг Valentino брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолигийн баг болон Деми Мур, Жулианна Мур, Шарлиз Терон зэрэг алдартнуудын стилистээр ажилладаг Лесли Фремар нар хамтран бүрдүүлжээ. Тэд сүйт бүсгүйн мөрөөдлийн хуримын даашинзыг бүтээхээр маш их хэлцэл, судалгаа хийж, хоёр ч удаа Ром хотод байрлах Valentino-ийн толгой компани руу айлчлаад зогсохгүй ахлах оёдолчид даашинзын деталь бүрийг төгс байлгах үүднээс Майами хотыг зорьсон байна. Түүнчлэн Никола Пельтц биеийн хэмжээгээ өгөхөөр хэд хэдэн удаа АНУ руу нисжээ.

Анх Николагийн даашинзыг маш нарийн төвөгтэй хийцтэй байхаар төлөвлөсөн ч сүйт бүсгүй гивлүүрээ өмсөж үзсэнийхээ дараа аль болох энгийн хэв маяг баримтлахаар шийдсэн байна. “Гивлүүрийн энгийн байдал нь түүнийг гайхалтай харагдуулж байсан. Тиймээс даашинзыг гоёмсог атлаа сүрлэг харагдуулахын тулд заавал төвөгтэй их деталиуд шаардлагагүй гэж үзэж олон янзын хатгамал оруулахаас татгалзсан” хэмээн стилист Лесли тайлбарлажээ. Үүний оронд түүний бээлий болон торон хормойг хатгамлаар чимсэн байна.

Никола Пельтцийн хувьд Valentino-ийн бүтээлч захирал Пиччолигийн урласан хувцсанд маш их дуртай бөгөөд 2021 оны Met Gala үдэшлэгт тус брэндийн ягаан даашинзаар гоёж байсан. Тиймдээ ч Пельтц хуримынхаа төрхийг түүнд даатгажээ. “Valentino-ийн загварын шоун дээрх хувцаснуудыг амьдаар нь харах ид шидийн байсан. Яг л хэн нэгний мөрөөдлийн хувцасны шүүгээнд орчихсон мэт санагдсан” хэмээн сүйт бүсгүй сэтгэгдлээсээ хуваалцсан бөгөөд хуримын даашинзаа өмсөж үзэхдээ “Би хэзээ ч өөрийгөө ийм онцгойгоор мэдэрч байсангүй” хэмээн хэлсэн байна.

Түүний үс засалтын ард анх 2014 онд танилцсан үсний стилист Адир Абергель ажиллажээ. “Никола над руу супер модель Клаудия Шифферын челкатай байсан залуу үеийн зургуудыг явуулсан юм. Тиймээс би Клаудия Шиффер болон түүний үзэсгэлэнтэй хуримын даашинзаас сэдэл аван үсний засалтаа зохиосон” гэж Адир Абергель Vogue сэтгүүлд хуваалцсан байна. Мөн тэрээр 90-ээд оны Клаудия Шифферээс гадна Брижит Бардогийн нэрийн хуудас болсон ардаа боосон хөвсгөр үснээс санаа авчээ. Николагийн хагас овоолж, хагас задгай тавьсан үс засалт маш урт бөгөөд хүнд хувцас өмссөн үед практикал байхын хажуугаар үл ялиг хайнга, эмэгтэйлэг хэв маяг нь хуримын өнгө аястай төгс тохирсон байна. Түүнчлэн Абергель Флоридагийн салхитай, чийглэг уур амьсгалыг тооцон нэг долоо хоногийн турш нөхөн сэргээх үсний маск ашиглахыг сүйт бүсгүйд даалгасан бөгөөд “Бүх сүйт бүсгүйчүүддээ зөвлөхөд, хүссэн үс засалтаа бий болгохын тулд үсээ маш сайн чийгшүүлэх шаардлагатай байдаг” хэмээн бидэнд зөвлөжээ.

Харин Пельтцийн нүүр будалтыг Chanel брэндийн мейкап артист Кейт Ли хийсэн бөгөөд “Бидний зорилго бол Николагийн байгалийн өгөгдлүүдийг тодотгож, орчин үеийн, тийм ч уламжлалт биш деталиудыг оруулахад оршиж байсан” хэмээн Vogue сэтгүүлд хуваалцсан байна.

Buro.Mongolia

2022-04-11, 14:00

  • Зураг: Vogue