H&M брэндийн өндөр зэрэглэлийн Studio шугамын шинэ цуглуулгын нүүр царайгаар plus-size загвар өмсөгч Эшли Грэм тодорлоо. Тэр каталогийн зураг авалтад зориулж намар-өвөл 2016 улирлын хамгийн гол трендүүдээр гоёсон харагдана
Хэлхгэр мөр ба нарийн бэлхүүстэй маш эмэгтэйлэг загваруудаас бүрдсэн H&M-ийн шинэ цуглуулга "элсэн цаг" хэлбэр дээр суурилж, эмэгтэй хүний галбирыг улам тодотгохыг хичээсэн байна. Сүүлийн хоёр улирлын турш ноёрхсон сул эсгүүртэй юнисекс загваруудыг түр мартаж, зөөлөн бас романтик дүр төрх бүрдүүлэх цаг ирсэн бололтой. H&M-ийн дизайнерууд намрын улирлын үндсэн загвараар цагаан цамц ба өндөр суудалтай брюк өмдийг нэрлэж, бүсгүйчүүдийг энгийн хэрнээ дэгжин хувцаслахыг уриалж байна. Тэд түүнчлэн халаат маягийн бүстэй эсвэл бие барьсан урт даашинзыг чөлөөт цагийнхааа гоёогоор сонгохийг санал болголоо.
"Бид H&M Studio-гийн шинэ цуглуулгад орчин үеийн эмэгтэйлэг байдлыг тусгахыг зорьсон. Романтик хэв маягаар илэрхийлэгдсэн эмэгтэй хүний хүч ба хүсэл зориг шинэ цуглуулгын хувцас бүрээс мэдрэгдэх болно. Баярын болоод өдөр тутмын уур амьсгалыг нэгэн зэрэг хадгалсан эдгээр хувцаснууд хүн бүрийн сэтгэлд хүрнэ гэдэгт бид итгэлтэй байгаа" хэмээн H&M-ийн бүтээлч зөвлөх Анн-Софи Йоханссон тодруулж хэллээ.
Цуглуулга есдүгээр сарын 8-нд худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт