Sisley x Playtime: Хүсэл тэмүүлэл ба хайр дурлалыг илтгэх зуны шинэ цуглуулга

Италийн алдарт залуусын хувцасны Sisley брэнд нь 1968 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тренди хийгээд сонгодог стилийг чиг баримжаагаа болгож, залуу насны эрх чөлөө, бүтээлч байдлыг дэлхий даяар магтан дуулж тунхагласаар ирсэн. Чиг хандлагад нийцсэн дизайн, биед эвтэйхэн чамбай эсгүүр, нарийн деталь зэргээрээ тэд дэлхийн залуусын дунд алдаршиж, чанартай бөгөөд загварлаг хувцаслахыг хүссэн хэн бүхний сонголт болсоор өдийг хүрсэн билээ. Цаашлаад Sisley брэндийн гол худалдан авагчид нь залуус учраас тэдний анхаарлыг татахын тулд дуу хөгжим, кино, урлаг соёлын ертөнцийн төлөөлөгчдийг “Independent People” буюу “Хараат бус хүмүүс” гэх уриан дор зураг авалт болон сурталчилгаандаа урьж оролцуулж тэдний өөр хоорондоо адилгүй ертөнцийг загвараараа дамжуулан өгүүлдэг уламжлал тогтоод удаж буй. Тэгвэл Sisley Mongolia 2024 оны хавар-зуны шинэ цуглуулгаа танилцуулахдаа тэрхүү брэндийнхээ амин сүнс болсон үзэл санааг дэлгэрүүлж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэгдсэн монгол залуусыг онцолжээ. 


ХАЙР ДУРЛАЛ БА ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭЭР ХӨГЛӨГДСӨН ЗАЛУУС

Сэтгэл зүрхээ бүхэлд нь зориулсан зүйлээ хийж хүсэл тэмүүлэлтэй амьдрах нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал билээ. Ялангуяа тэрхүү ажил нь хүмүүст хүрч, үр шимийг нь хүртэнэ гэдэг орчин үеийн залуусын хувьд ус агаар мэт чухал. Тэгвэл Sisley Mongolia-гийн зүгээс хийж буй зүйлдээ хайртай, салбартаа танигдан чамгүй амжилттай яваа залуусыг энэ удаагийн зураг авалтын гол дүрүүдээр сонгон брэндийн үндсэн концепцыг үргэлжлүүллээ. Бүр тодруулбал тэд “Хайр дурлал ба хүсэл тэмүүлэл” гэх сэдвийн дор Монголын инди рок хөгжмийн томоохон төлөөлөл The Colors хамтлаг, үзэсгэлэнт модель Сайханзаяа, гудамжны бүжгийн соёлыг түгээж буй хосууд болох Jason, Jayel нарыг сонгон зураг авалт хийсэн байна. Ингэхдээ тэд Playtime хөгжмийн фестиваль удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан уран бүтээлч болон хөгжимд хайртай сонсогчийн дүрийг тэднээр дамжуулан харуулж, давхар хөгжмийн наадамд очихдоо бүрдүүлж болох хувцаслалтын санаа өгөхийг хичээжээ.

The Colors хамтлаг
Модель Сайханзаяа
Jason, Jayel

ТААРАН БОЛОН МАКРАМЕ ЗАГВАРУУД ДАВАМГАЙЛСАН ШИНЭ ЦУГЛУУЛГА

Зуны улирлын сонгодог загваруудын нэг бол тааран хувцас гэдэгтэй маргах зүйл үгүй. Олон янзаар загварчилж, янз бүрийн нөхцөл байдалд өмсөж болох энэхүү универсал материалаар Sisley брэнд ч шинэ цуглуулгаа түлхүү урлажээ. “High Summer” хэмээн нэрлэсэн уг коллекц нь зуны бүгчим халуун өдрүүдэд зориулагдсанаараа онцлог. Мөн агаар чөлөөтэй нэвтрүүлж тав тухаар хангах тааран материалаас гадна энэ зуны гол трендүүдийн нэг болох макраме аргачлалаар сүлжсэн загварууд шинэ цуглуулгад багтжээ. Харин өнгөний хувьд хар, цагаан, бейж зэрэг мөнхийн классик сонголтуудаас авхуулаад усан цэнхэр, оюу ногоон, шүрэн улаан гэхчлэн Газар дундын тэнгис дэх далайн эргийн амралтыг санагдуулам тод өнгөнүүдээр солонгорсон байна. 


PLAYTIME ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬД ӨМСӨЖ БОЛОХ ЗАГВАРУУД

Энэ жилийн Playtime фестиваль байршлаа шинэчилж тал газар цоо шинэ бүтээн байгуулалт хийн зохион байгуулагдахаар болсныг та дуулсан биз ээ. Үүнээс гадна цаг агаарын хувьд энэ долоо хоногоос эхлэн нар шарж, зуны ид халуун өдрүүд айсуй. Иймд хөгжмийн фестивалийг зорихдоо загварлаг дүр төрх бүрдүүлэхийн сацуу тав тух дээд зэргээр хангасан хувцас сонгох нь чухал. “High Summer” цуглуулгад тааран цамц, шоорт, өмднөөс эхлээд сүлжмэл хослол, даашинз зэрэг хөгжмийн фестивальд ч тэр, аль эсвэл аагим халуун өдрүүдэд оффист ч тэр өмсөж болохуйц загварууд багтсан нь анхаарал татаж байгаа юм.


Sisley Mongolia

Хаяг: Бишрэлт Их дэлгүүр 2 давхар
Шангри-Ла Молл 2 давхар
Утас: 7000-8977, 7012-979

Facebook: Sisley Mongolia

Instagram: @sisleymongolia

Г.Тэмүүлэн

2024-07-03, 12:39