Төрсөн өдрийн мэнд, Жижи! Түүний шилдэг street style төрхүүд

23 нас хүрлээ

Дөрөвдүгээр сарын 23-нд супермодель Жижи Хадид 23 нас хүрлээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бид түүний шилдэг street style төрхүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Дөнгөж хоёр настайдаа Guess брэндтэй загвар өмсөгчийн гэрээ байгуулж, насанд хүрмэгцээ дэлхийн томоохон супермоделиудын нэг болсон Жижи Хадид анх 2014 онд загварын тайзны гараагаа хийснээс хойш улирал бүрийг алгасалгүй, Versace, Chanel, Fendi, Balmain, Marc Jacobs ба Tom Ford гэх зэрэг нэртэй бүх дизайнеруудын шоунд оролцож байгаа билээ.

Тэрээр 2016 онд Tommy Hilfiger брэндийн олон улсын төлөөлөгчөөр сонгогдож, тун удалгүй дизайнерын ур чадвараа хөгжүүлж эхэлснээр брэндтэй хамтарсан нийт дөрвөн цуглуулгыг Tommy x Gigi нэр доор гаргаад амжсан. Жижи түүнчлэн Stuart Weitzman брэндэд гуталны дизайн гаргаж, Vogue Eyewear-тэй хамтран нарны шилний цуглуулга дээр ажиллаж, Maybelline брэндтэй мөн л хүчээ нэгтгэн тусгай цуглуулга танилцуулсан байгаа.

Энэ бүх ажлын хажуугаар Жижи нийт 20 гаруй олон улсын Vogue сэтгүүлийн нүүр дээр гарсан байдаг. Харин хувцаслалтын хувьд Жижи athleisure буюу бэлтгэл хийхэд мөн өдөр тутамд өмсөх боломжтой, холимог стилийг гаргууд эзэмшсэн нэгэн. Нэг талаасаа чөлөөт сэтгэлгээтэй спортлог бүсгүй, нөгөөтээгүүр өөртөө итгэлтэй дэгжин эмэгтэй байж чаддаг түүний хамгийн гол нууц нь тод өнгөний сонголтод оршиж байдаг юм. Өөрөөр хэлбэл Жижи юу ч өмссөн бай, үргэлж эерэг энерги цацруулж, эргэн тойрноо илүү өнгөлөг болгож байдаг нь түүнийг бусдаас онцгой болгодог билээ.

Ө.Тодгэрэл

2018-04-24, 15:00