Тун удахгүй Uniqlo брэндийн хувцаснууд яг л хөнгөн зууш шиг худалдаалагдах болно

Хувцасны автомат түгээгч машинууд зах зээлд нэвтрэх гэж байна

Боломжийн үнэтэй атлаа эсгүүр сайтай загваруудаараа алдаршсан Японы Uniqlo брэнд хувцсанд зориулагдсан автомат түгээгч машин гаргах гэж буйгаа мэдэгдлээ. Брэнд эдгээр машинуудыг томоохон онгоцны буудлууд болон АНУ дахь худалдааны төвүүдээр байршуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Uniqlo-гийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэд энэ сардаа багтааж дор хаяж 10 түгээгч машиныг Нью-Йорк, Хьюстон ба Окленд хотуудад суурилуулах гэнэ.

Одоогоор түгээгч машинуудын тодорхой байрлал тогтоогдоогүй байгаа ч Uniqlo-гийн АНУ дахь салбарын маркетингийн захирал Марисол Тамаро энэ талаар товч мэдэгдэл хийлээ. "Онгоцны буудал дээр хүмүүст дэлгүүрээр тухтай хэсэх, бараа худалдан авахаар дугаарлан зогсох цаг зав гардаггүй. Тиймээс яарч сандарч буй хүмүүсийн хувьд түгээгч машинаар өөрөө өөртөө үйлчилж, хэдхэн товч дарснаар хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авна гэдэг маш эвтэйхэн шийдэл байх болно. Бид одоогоор түгээгч машинуудыг хаана байршуулбал илүү амжилттай байхыг тогтоохоор ажиллаж байна" хэмээн Марисол ярьжээ.

Ойролцоогоор 180 см өндөртэй түгээгч машинууд брэндийн хувцаснуудыг хайрцаг ба лаазан савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэх болно. Мөн хэрэглэгчдэд худалдан авсан зүйл нь таалагдахгүй бол бараагаа буцаах боломж нээлттэй байх юм.

Uniqlo брэнд өмнө нь өөр хэд, хэдэн орнуудад түгээгч машин гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ төсөл нь томоохон амжилтанд хүрч байжээ.

Ө.Тодгэрэл

2017-08-28, 16:00