2017 оны Victoria’s Secret загварын шоунд ямар Ази моделиуд оролцох бэ?

Бүгд Хятад улсаас гаралтай

Энэ жилийн загварын шоундаа зориулж Victoria's Secret брэндийн удирдлага ойролцоогоор 60 загвар өмсөгч шалгаруулж авсны зургаа нь Ази гаралтай болох нь өнөөдөр олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн жилийн шоунд оролцсон Лю Вэнь, Суй Хэ, Минг Ши, Шяо Вен Жу нар энэ жил эргэн ирж байгаа бол, Шу Пей ба Эстель Чен гэх хоёр модель нэмэгдэн орсон байна.

Эстель Чен

Victoria's Secret загварын шоуны тайзнаа энэ жил анх удаа гарах гэж буй Эстель Чен нь Хятад гарал үүсэлтэй хэдий ч, Францын Парис хотноо төрсөн. Өдгөө 17 настай Эстель 1.75 м өндөртэй бөгөөд анх 2013 онд загварын салбарт хөл тавьсан харьцангуй шинэ модель юм. Тэрээр карьерынхаа энэхүү богино хугацаанд Dior Haute Couture ордны анхны Ази гаралтай нүүр царайгаар тодорч байсан томоохон амжилтад хүрсэн. Dior, Dolce & Gabbana, Louis Vuitton, Miu Miu, Elie Saab, Fendi болон бусад үндсэн брэндүүдийн загварын шоунд оролцож байсан Эстель Чен Elite Model Management агентлагт хамрагддаг байгаа.

Суй Хэ

Суй Хэ бол 1989 онд төрсөн Хятадын загвар өмсөгч ба жүжигчин юм. Victoria's Secret-ийн тайзнаа гарсан хоёр дахь Ази гаралтай моделиор тодорсон тэрээр 2011 оноос хойш алдарт дотуур хувцасны загварын шоунд жил алгасалгүй оролцож байна. Суй Хэ 1.78 м өндөртэй бөгөөд бүхий л том брэндүүдийн загварын шоу, каталогийн зураг авалтад оролцож, гол сэтгүүлүүд дээр гарч байсан туршлагатай. Тэрээр мөн Хятадын "You Are My Sunshine" кинонд туслах дүр гүйцэтгэж, жүжигчний карьерээ давхар хөгжүүлж байгаа. Суй Хэ Storm Model Management агентлагт хамрагддаг.

Шу Пей

Victoria's Secret-ийн тайзнаа гарсан гурав дахь Ази гаралтай модель Шу Пей нь 1990 онд төрсөн Хятадын загвар өмсөгч ба жүжигчин юм. Victoria's Secret брэндтэй 2012 онд гэрээ хийсэн Шу Пэй хэсэг хугацаанд завсарлагаа авсан ч, энэ жилийн загварын шоунд эргэн ирж байна. Next Management агентлагт хамрагддаг тэрээр 1.77 м өндөртэй бөгөөд Gucci, Burberry, Vera Wang, Chanel, Christian Dior гэх зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн шоунд оролцож, Их Британийн Elle сэтгүүл, Хятадын Vogue сэтгүүлүүд дээр гарч байсан.

Минг Ши

Минг Ши нь 1989 онд төрсөн Хятадын загвар өмсөгч юм. Загвар өмсөгчийнхөө карьерыг 2009 онд эхлүүлж, 2013 онд Victoria's Secret-ийн гэр бүлд нэгдсэн тэрээр 1.78 м өндөртэй. Орчин үеийн хамгийн алдартай Ази моделиудын нэг Минг Ши нь Elite Model Management агентлагт хамрагддаг билээ.

Лю Вэнь

Лю Вэнийг танихгүй хүн гэж бараг үгүй байх. Өдгөө 29 настай тэрээр 1.79 м өндөртэй бөгөөд Victoria's Secret-ийн тайзнаа гарсан анхны Ази гаралтай модель юм. Лю Вэнь мөн Америкийн Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны Хятад моделиор тодорч, The New York Times сонин түүнийг Хятадын супермодель хэмээн нэрлэж байсан. Лю Вэнийг The Society Management агентлаг төлөөлдөг байгаа.

Шяо Вен Жу

Шяо Вен Жу 1989 онд төрсөн бөгөөд 1.77 м өндөртэй. Marc Jacobs брэндийн анхны хятад гаралтай нүүр царай болж байсан загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн жил анх удаагаа Victoria's Secret-ийн тайзнаа гарсан. Шяо Вен Жу мөн олон алдартай брэндүүдийг төлөөлж байсан туршлагынхаа ачаар models.com вебсайтын гаргадаг загварын салбарын нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад 2017 онд бичигдсэн билээ. Шяо Вен Жу IMG Models агентлагт хамрагддаг.

Ө.Тодгэрэл

2017-08-25, 19:00