Victorias’s Secret брэнд “сахиусан тэнгэрүүдээсээ” татгалзсан маш том шинэчлэлтийг хийлээ. Тодруулбал, брэнд өөрсдийн нүүр царай болсон гоёмсог өдөн далавч зүүгээд төгс галбираа гайхуулан загварын тайзнаа алхдаг сахиусан тэнгэрүүдээ “тайзнаас буулгаж” компанийнхаа үйл ажиллагааг тэс өөр байдлаар явуулах шийдвэрийг гаргасан байна. Сахиусан тэнгэрүүдийн үүргийг гүйцэтгэдэг байсан моделиудын оронд өөрсдийн хийж бүтээснээрээ олонд танигдсан долоон төлөөлөгч “VS Collective” нэр дор нэгдэн Victoria's Secret брэндийг төлөөлөхөөр болжээ.
Victoria’s Secret загварын ордны зах зээлд эзлэх байр суурь 2018 оноос эхлэн хумигдаж хэрэглэгчдийнх нь тоо тасралтгүй буурсан үзүүлэлт гарсаар ирсэн билээ. Үүнээс жилийн дараа уламжлалт сахиусан тэнгэрүүдийн загварын шоу цуцлагдаж брэндийн удирдлагад томоохон өөрчлөлт орж байсан. Харин одоо Victoria’s Secret-ийн шинэ бүтээлч захирал Рауль Мартинез брэндийн имижийг өөрчилж одоо цагийн баатруудаар загварын ордноо төлөөлүүлэх шийдвэрийг ийнхүү гаргаж байна. Ингээд сахиусан тэнгэрүүдийг орлосон тэдгээр төлөөлөгчидтэй дэлгэрэнгүй танилцъя.
Жүжигчин Приянка Чопра
Приянка Чопра бол дэлхийд нэрээ цуурайтуулж буй жүжигчин, модель, дуучин билээ. Тэрээр өөрийн төрсөн Энэтхэг улсдаа өндөр амжилтад хүрээд зогсохгүй Холливүүдэд танигдсан анхны Энэтхэг гаралтай эмэгтэй жүжигчин гэдгээрээ алдартай. Тухайлбал, тэрээр People's Choice Awards-ын “Шилдэг телевизийн драмын эмэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулж 2016 оны Screen Award-ын шилдэг туслах дүрийн жүжигчнээр тодорч бусад олон шагналуудыг хүртэж байсан. Түүнчлэн Приянка нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) олон улсын төлөөлөгчөөр сонгогдож хүүхдийн эрхийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн идэвхтэн билээ.
Америкийн хөлбөмбөгчин Меган Рапино
Өдгөө 35 настай Америкийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн Меган Рапино нь 2015, 2019 оны дэлхийн аваргад ялалт байгуулж, 2012 оны Лондоны Олимпын алтан медалийг хүртэж, 2011 оны дэлхийн аваргын хоёрдугаар байрыг эзэлж байсан. Түүнчлэн Меган Рапино нь Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) шилдэг эмэгтэй тоглогчоор тодорсон юм.
Хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч, “plus size” модель Палома Эльсессер
Бага байхдаа зохиолч болохыг хүсдэг байсан Паломагийн “plus size” моделийн карьер түүний Instagram хуудас makeup артист Пэт Макгратын нүдэнд өртөж моделиор нь ажилласнаас эхлэлтэй. Үүний дараа Nike, Vogue, Fendi, Ferragamo зэрэг дэлхийн томоохон компаниудын нүүр царайгаар ажиллаж дэлхийд танигдсан билээ. Мөн тэрээр models.com вебсайтын явуулдаг 2020 оны тэмцээнд шилдэг модель төрөлд ялалт байгуулж байсан.
Фристайл цанын тамирчин Эйлин Гу
Дөнгөж 18 настай Эйлин Гу нь БНХАУ-г төлөөлж 2019 оны Сноубордын Дэлхийн аваргад мөнгөн медаль, 2020 оны Өсвөрийн Олимпоос хоёр алтан медалийг хүртэж өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ дэлхийд баталсан. Тэрээр 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын бэлтгэлээ хангахын тулд ахлах сургуулийнхаа шалгалтуудаа хугацаанаас нь өмнө маш амжилттайгаар өгч сургуулийнхаа түүхийг шинэчлээд зогсохгүй спортын салбараас гадуур өөрийгөө баталж чадсан юм. Мөн Эйлин Гү моделиор ажиллах сонирхолтой бөгөөд “Парисын загварын долоо хоногт оролцсон үе бол миний амьдралын хамгийн сайхан долоон хоног байсан. Цана минь битгий гомдоорой” хэмээн тэрээр Olympic Channel-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Модель Адут Акеч
“Дараагийн Наоми Кэмпбелл” цолыг хүртээд буй Адут Акеч нь Өмнөд Суданаас гаралтай ба моделийн гараагаа 16 насандаа томоохон загварын орднуудын нэг Saint Laurent-ы загварын шоунд алхан эхлүүлж байсан. Одоо тэрээр хамгийн эрэлттэй моделиудын эгнээнд багтаж Off-White брэндээс эхлэн Givenchy-гийн загварыг танилцуулан алхаж нэгхэн жилийн дотор Vogue сэтгүүлийн нүүрийг таван удаа чимсэн амжилтыг үзүүлээд байна. Түүнчлэн Адут Акеч нь өөрийн моделийн агентлагаа нээхээр төлөвлөж байгаа ба “Маш олон үзэсгэлэнтэй хар арьстай эмэгтэйчүүд зөвхөн танилын хүрээ байхгүйгээсээ болоод дэлхийд гарч чадахгүй байна” хэмээн агентлаг нээх гол сэдлийнхээ талаар ярьсан юм.
Трансжендер модель Валентина Сампайо
Валентина Сампайо нь Victoria’s Secret-ийн хамгийн анхны трансжендер модель гэдгээрээ алдартай. Бразил гаралтай тус модель нь Elle, Vogue сэтгүүлүүдийн нүүр царайгаар тодорч H&M, J'Adore Dior, L'Oreal брэндүүдтэй ажиллаж байсан туршлагатай билээ. Түүний карьерын маш хурдан өссөн ч одоогийн амжилтад хүрэхэд багагүй ялгаварлан гадуурхалтай тулгарч байснаа Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Гэсэн хэдий ч Валентина эдгээр асуудлуудтай тууштай тэмцэн бууж өгөлгүй урагшлан бусдад урам зориг өгч, үлгэр дууриалал болсоор байна.
Жүжигчин, сэтгүүлч, зурагчин Аманда де Кадене
1972 онд Их Британы Лондон хотод төрсөн тэрээр ажлынхаа гарааг “The Word” “The Big Breakfast” телевизүүдэд нэвтрүүлэгчээр тавьж улмаар Лос Анжелес хотод жүжигчин, зохиолч, зурагчны карьераа эхлүүлсэн юм. Аманда нь феминист үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай ба 21 дүгээр зуунд феминист үзэлтэй байх талаар өгүүлдэг “It's Messy: On Boys, Boobs, and Badass Women” номыг гаргасан билээ. Мөн тэрээр “The Conversation with Amanda de Cadenet” гэх ярилцлагын шоуг хөтлөн явуулдаг бөгөөд Хиллари Клинтон, Исса Рей зэрэг нөлөө бүхий хүмүүсийг оролцуулдгаараа олонд танигдсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт