Залуусын цугларах шинэ цэг: Загварлаг хувцас, хөгжим, арт, амтат кофе

Quinto concept store-ын дотор засал бүрэн дууслаа. Энд та орчин үеийн загвар хаашаа чиглэж байгааг харж болохоос гадна Баасан гарагуудад үдшийг зугаатай өнгөрүүлж, интерьерийн шинэлэг шийдлүүд, уран баримал болон орчин үеийн технологитой танилцах боломжтой.

Монголын загварын салбарт шинэлэг уур амьсгал оруулж, үйлчлүүлэгчдийг дэлхийн брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн загваруудтай ойртуулсан Quinto concept store Шангри-Ла төвд үүд хаалгаа нээсэн билээ. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн эрэгтэй загваруудыг санал болгодог тус дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гурван сарын өмнө болсон бөгөөд Buro. үйл явдлыг сурвалжилж байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Quinto concept store-ын дотор засал бүрэн бэлэн болсонтой холбогдуулан дахин нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Дэлгүүрийн хамт олон биднийг интерьерийн шинэлэг деталь, сэтгэл догдлом мэдээгээр угтсан билээ.

Т.Зоригийн хувьд Quinto concept store-с гадна Premier Tailor, L’uomo, Isaia, âme concept store гэх дэлгүүрүүдийг удирдан явуулдаг бөгөөд бүгд өөрсдийн гэсэн дотор заслын онцлогтой байдаг. “Isaiа-гийн интерьерийг цаанаас нь гаргаж өгсөн загвараар хийсэн. Дэлхийн бүх Isaia-гийн дэлгүүр ижил байдаг. âme concept store бол бидний анхны мультибрэнд дэлгүүр гэдэг утгаараа Францын агентлагийн зөвлөсний дагуу эмэгтэйлэг, классик орчныг бүрдүүлсэн. Харин Quinto concept store-ыг цэвэр өөрийн хүсэлд тулгуурлан илүү залуу хэв маягийг баримтлан дизайныг нь гаргасан” хэмээн Т.Зориг хэлсэн юм.

Quinto concept store-ын хаалгаар ормогц танхимын хоёр жигүүрийг тусгаарлах дугуй Led хана хамгийн түрүүнд нүдэнд өртсөн билээ. Уг дэлгэц дээр дүрслэгдэх өнгөлөг бичлэгүүд дэлгүүрийг дотор болон гаднаас нь бүрэн тодорхойлж байлаа. Т.Зориг энэхүү хэсгийн талаар “Led ханыг дэлгүүртээ төрөл бүрийн уур амьсгал оруулах үндсэн зорилгоор байршуулсан бөгөөд энэхүү ханаар дамжуулан хүссэн зүйлээ харуулж болох давуу талтай. Тухайлбал, зуны улиралд цасан шуурга, харин өвөл ногоон ой модны бичлэг тавьж хүмүүст өөр мэдрэмж өгөх зорилготой” гэж тайлбарласан юм. 


“Quinto concept store-д байршсан цуглуулгын 30-40% нь хүйсгүй загварууд байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч мөн өмсөх боломжтой юм”.


Quinto concept store загварын сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхдаг нь өлгөгдсөн загваруудаас нь харагдана. Gucci ордны загварлаг хүрэм, Balenciaga-ийн хүйсгүй пальто, Dior-ийн чөлөөт хувцас, Cèline брэндийн аксесуар зэрэг streetwear хэв маягтай загварууд энд давамгайлжээ. “Тус дэлгүүр нь залуу, зоригтой хувцаслах дуртай хүмүүс рүү чиглэж байгаа” хэмээн Т.Зориг яриандаа дурдсан бөгөөд тус хэв маяг нь Монгол эрчүүдийн дунд өргөн дэлгэрээгүй байгааг үл харгалзан “Бид дэлхийн загвартай зэрэгцэн алхах хэрэгтэй. Quinto concept store зөвхөн хувцас худалдаалахаас гадна хүмүүст загварын боловсрол олгоно” гэсэн итгэл үнэмшилд үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн энэхүү дэлгүүрт дээр дурдсан брэндүүдээс гадна өдөр тутмын, спорт хэв маяг зонхилдог Moncler брэндийн шинэ загварууд дэлгэгдсэн бөгөөд Saint Laurent, Dolce & Gabbana-ийн намар-өвөл цуглуулга тун удахгүй ирэх болно.

Энэхүү дэлгүүр нь эрэгтэй загваруудаар дагнасан гэдгийг сонсоод эмэгтэйчүүд хойш бүү суугаарай. Учир нь энд байгаа дийлэнх хувцаснууд хүйсгүй загвартай бөгөөд дэлгүүрийн үүд хаалга эмэгтэйчүүдэд ч мөн нээлттэй юм. “Цуглуулгын 30-40% хүйсгүй загвартай байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч мөн өмсөх боломжтой юм. Тухайлбал, Balenciaga-ийн хувцаснууд дээр угаасаа л unisex гэсэн тэмдэглэгээ байдаг” гэж Т.Зориг эмэгтэй хэрэглэгчдэдээ хандан хэлсэн билээ. Тиймээс tomboy, классик, рок шик болон бусад төрлийн хэв маягт дурладаг ямар ч хүйсийн хүмүүст таалагдах загварууд энд бий. Ялангуяа, биед сайн суудаг oversize хувцас олоход бэрх байдаг асуудлыг Quinto concept store-с шийдэх боломжтой.

“Хөгжим, кофе, урлаг бол залуучуудын амьдралын хэв маягийн чухал хэсгүүдийн нэг мөн. Тэд эдгээр салбарыг үнэлж, хөрөнгө мөнгөө зарцуулах нь нэмэгдэж байна" хэмээн Т.Зориг онцолж байсан. Тиймдээ ч дэлгүүртээ цэвэр дуугаралтаараа тэргүүлдэг void хөгжим, мэргэжлийн бариста, бартендер нарын кофе, коктейлээр үйлчилдэг хэсгийг суурилуулж залуучуудыг орж ирэн үйлчлүүлэхийг уриалж байгаа юм. Шинэ мянганыхны төлөөллийн нэг болох өөрийн зүгээс онцлоход, Quinto concept store-д загвар, хөгжим болон урлагтай ойртуулсан эдгээр зүйлс байгаа нь баярлууштай. Үүнээс гадна Quinto-гийн хамт олон худалдан авагч нартаа зориулан Монголын артистуудтай хамтарч Баасан гарагуудад дэлгүүр дээрээ үдшийг зугаатай өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. 

Quinto concept store 

Хаяг: Улаанбаатар хот, Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 7755-5151

Facebook: Quinto Concept Store

Instagram: @quinto_concept_store

Б.Энххүслэн

2022-03-02, 09:16