Анхааралдаа авах залуу дизайнерууд: Тэдний урладаг санаанд оромгүй этгээд хувцаснууд

Хувцас, аксесуар гээд загвартай холбоотой эдлэл хэрэглэл борлуулдаг APOC платформоос хамгийн этгээд, хачирхалтай, шинэлэг дизайнеруудыг нэрлэжээ. APOC бол үйл ажиллагааны ижил чиглэлтэй бусад компаниудаас дебютээ хийгээд удаагүй байгаа залуу дизайнеруудын бүтээлийг захиалгын доод хэмжээ шаардаж, өндөр босго тавихгүйгээр дэмжин ажилладгаараа ялгаатай билээ. Тэдэнд дизайнерын их хандалт авах, Instagram дээр олон дагагчид цуглуулах, ямар хэвлэл мэдээллээр яаж гарах нь огтоос хамаагүй. Гагцхүү аль болох байгальд ээлтэй замаар бий болсон өвөрмөц загваруудад APOC-ын үүд хаалга нээлттэй юм. Олон нийт шуурсан болгоныг үл тоон өөрсдийн гэсэн этгээд нэгдлийг босгохоор явж буй тэдний онцолсон дизайнеруудтай танилцъя.


Elena Velez

@elenavelez

Элена Велез нь Висконсин мужийн Милоуки хотод төрж өсжээ. Хувцас дизайнерын мэргэжил эзэмшсэн тэрээр тансаг зэрэглэлийн загварыг уламжлалт бус концепцоор харуулах дуртай. Эленагийн ертөнцөд хэрцгий бөгөөд уян зөөлөн мэдрэмж хоорондоо огтлолцдог мэт. Түүний түлхүү урладаг тааран даавуугаар хийсэн, тэгш бус хэмтэй, beige өнгийн даашинз зөөлөн сэвэлзэх салхи мэт тайван орчныг бүрдүүлэх ч цаанаа л нэг сүрдмээр, халдашгүй хана босгосон мэт байдаг.


Invasive Modification

@invasive_modification

Гүрж улсын нийслэл Тбилисид үйл ажиллагаагаа явуулдаг Invasive Modification бол аксесуарын залуу брэндүүдийн нэг билээ. Ретро футурист өнгө аяс давамгайлдаг эдгээр аксесуарыг гар урлалын уламжлалт техникээр бүтээдгээрээ онцлог.


Eirocori

@eirocori

Энэ бол Кори Руо Шуэн гэх хятадын залуу дизайнерын брэнд юм. Eirocori 90-ээд оны Япон улсыг тольдон харуулдаг бөгөөд зураг авалтын цомгууд нь 25 жилийн дараа эргэн хэвлэлтэд орсон японы FRUiTS сэтгүүл дээр гардаг street style төрхүүдтэй тун төстэй. Миний хувьд Коригийн урладаг бүсэлхий хэсгээрээ давхар оруулгатай нарийн хийцтэй юбкад дуртай.


Miosis Design

@miosis.design

Гоёл чимэглэлийн дизайнер Элмо Мистиэны зарчим бол байгаль дэлхий дээр орших органик хэлбэр дүрснүүдээс урам зориг аван бүтээлээ туурвих юм. Тэрээр биологийн хачирхалтай үйл явцыг ажиглах сонирхолтой бөгөөд үүнийгээ дизайнууддаа нэгтгэн оруулдаг. Шовх үзүүртэй өргөс, слайм шиг хэлбэртэй Miosis-ын аксесуарууд ямар ч энгийн төрхийг гоёмсог харагдуулж чадна.


Jackson Napier

@thejacksonnapier

Түлхүү streetwear урсгалаар дагнадаг Jackson Napier ухаан шингээж хийсэн олон үйлдэлт загварууд гаргадаг. Дөрвөн талдаа бүчтэй малгай, тэгш бус хэмтэй энгэртэй куртка, хүссэн хэсгээ хумьж, аль эсвэл тэнийлгэх боломжтой карго өмд бол тэдний нэрийн хуудас болсон загварууд юм.


Cruda

@cruda_cruda

Cruda брэндийн гутал Мексик улсад гар аргаар хийгддэг. Тэд модоор хийсэн платформон ултай Amanda нэртэй өндөр өсгийтэй гутлаараа алдартай. Загвар зохион бүтээгчийн хувьд тавилгын дизайнер мэргэжилтэй тул гутлуудаас нь геометрийн дүрстэй элементүүд түлхүү ажиглагддаг билээ.


Symphony

@symphony.global

Symphony-гийн анхны цуглуулгатай танилц! Энэхүү цуглуулгад шовх цорготой данх шиг хэлбэртэй арьсан цүнхнүүд багтжээ. Брэндийн хувьд электроник хөгжмөөс урам зориг авдаг.


1Concept

@1concept_official

1Concept брэндийг нэг үгээр хөгжилтэй хэмээн тодорхойлох боломжтой. Тэдний урладаг загварууд хүүхэд нас руу тань буцааж чадахгүй ч, бага насны өнгөлөг дурсамжуудыг сэргээх нь гарцаагүй.


MIFIG

@mifig

MIFIG брэнд Францын хамгийн эртний хот гэгддэг Марсельд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус брэнд нь аксесуаруудаа дахин боловсруулсан материалаар хийдэг бөгөөд загвар бүрээс цөөн тоогоор гаргадаг билээ.


Buro.Mongolia

2023-06-02, 12:51