Моделийн street style хувцаслалтаас суралцацгаая
Синди Кроуфордын охин Кайя Гербер дөнгөж 16 насандаа дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэгд тооцогдож, загварын ертөнцөд нөлөөтэй нэгэн болсон билээ. Тэр тусмаа тэрээр тайзнаа гараагүй үедээ ч бусдад үлгэр дууриалал болж чаддаг нь түүнд загварын шүтээн өргөмжлөлийг олгоод байгаа юм. Бусад "It girls"-той харьцуулахад өөрийн гэсэн өвөрмөц стиль боловсруулж чадсан Кайя аль хэдийн street style хувцаслалтын маэстро болсон гэж хэлж болно. Хар өнгө давамгайлах, биед эвтэйхэн, хайхрамжгүй, гранж стилиэрээ танигдах болсон түүнээс бид юу суралцаж болох вэ?
Юуны түрүүнд Кайя бие барьсан, хэтэрхий хичээсэн хувцаснууд сонгодоггүй. Харин аль болох биед эвтэйхэн, сул, чөлөөтэй, тэгсэн атлаа цаанаасаа л нэг мэдрэмжтэй загварууд түүнийг тодорхойлно.
"Спорт загварын сул өмд + Converse эсвэл сонгодог цагаан кет гэх мэт хөлд эвтэйхэн гутал + энгийн эсгүүртэй атлаа сонирхолтой хээ зурагтай топ" бол Кайягийн хамгаас дуртай томьёо юм. Гэхдээ сайтар ажиглавал түүний нарийн мэдрэмж жижиг деталиудаас илэрнэ. Жишээ нь өмд нь камуфляж хээтэй, топ нь түүний гоолиг галбирыг тодотгосон богино эсгүүртэй, эсвэл нарны шил нь улаан өнгөтэй байж болох юм.
Кайягийн стилийг юуны учир 1990-ээд оны гранж хэмээн тодорхойлдог вэ гэхээр тэрээр хар бараан өнгө, жийнсэн материал ба панама малгай, паска цүнх зэрэг тухайн үеийн уур амьсгалтай аксесуаруудад дурладаг.
"Хар өнгийн савхин хүрэм + шулуун эсгүүртэй жийнсэн өмд + 1990-ээд оны аксесуар (нарийн хүрээтэй нарны шил, панама малгай, паска цүнх) + болхи хэлбэрийн түрийтэй гутал" гэх хослол нь түүний илүү сэрүүн өдрүүдэд хэрэгжүүлэх дуртай тогтмол хувцаслалтуудын нэг.
Гэхдээ мэдээж модель бүсгүй заримдаа хувцаслалтдаа өнгө оруулах дуртай. Харин Кайягийн хувьд өнгөлөг хувцаслана гэдэг ойлголт улаан өнгө, ирвэсний ба камуфляж хээ гэх зэрэг бас л гранж хэв маягтай элементүүдээс бүрдэнэ.
"Рок хамтлагийн нэртэй, бага зэрэг хуучирсан загвартай футболка + ирвэсний хээтэй өмд + цулгуй хар өнгийн цүнх ба гутал + нүдний хар контур" бол cool бүсгүйн сонгодог дүрэмт хувцас юм.
Ихэвчлэн эрэгтэй ба эмэгтэй хүйсний зааг дээр, tomboy хэв маягаар хувцасладаг Кайя илүү эмэгтэйлэг, дэгжин харагдахыг хүсэхдээ хүртэл өөрийнхөө стильд үнэнч байдаг.
"Богино топ + өндөр суудалтай гоёмсог брюк өмд + өндөр өсгийт" гэсэн хувцаслалтын ачаар Кайя насандаа тохирсон залуу уур амьсгалтай, ихэмсэг, дэгжин төрх бүрдүүлж чаддаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт