Таны мэдэх хэрэгтэй Солонгосын 10 брэнд

Гудамжны стиль

Өөгүй сайхан арьс, өнгөлөг үс ба загварлаг хувцсаараа алдаршсан Өмнөд Солонгосчууд бидний анхаарлыг татсан хэвээр байна. Бүсгүй хүн бүрийн хэрэглээнд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн нэвтэрч, Солонгос кино олон гэр бүлийн хамгийн дуртай үзвэр болж, Солонгос дуу хөгжим өсвөр насныхны гол шүтэн биширдэг зүйл болсон нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн олон оронд дэлгэрсэн соёл юм. Харин Солонгос загварын талаар бид яагаад ийм ховор хэлэлцдэг юм бол? Загварын ертөнцийг дурдахдаа бид ихэвчлэн Нью-Йорк, Лондон, Парис ба Милан гэх үндсэн дөрвөн хотуудыг онцолдог хэдий ч дэлхийн өөр өнцөгт загварын салбарыг эрчимтэй байлдан дагуулж буй бас нэгэн хот бий. Тэр нь мэдээж хэрэг Сөүл хот юм.

Гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-ний хооронд Сөүлд загварын долоо хоног зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан бид тус хотод үйл ажиллагаа явуулдаг хамгийн загварлаг брэндүүдийг түүвэрлэн бичлээ. CL ба G-Dragon зэрэг K-Pop оддын ачаар Өмнөд Солонгост яг одоо бага зэрэг спорт өнгө аястай, гудамжны стиль ноёрхож байгаа тул бид энэхүү жагсаалтандаа ийм стильтэй брэндүүдийг орууллаа. Ингээд загварын салбарын мэдлэгээ илүү өргөжүүлэх сонирхолтой, эсвэл бусдаас өвөрмөц хувцаслаж, шоппинг хийх дуртай уншигчид доорх брэндүүдийг тогтоогоод аваарай.

Charm's

Charm's брэндийн Instagram хуудас эсвэл албан ёсны вебсайтаас та ганц л зүйлийг олж харах болно. Тэр нь дахин давтагдашгүй, этгээд шийдэлтэй гудамжны хувцас юм. Хэрвээ та бусдаас ялгарах хөвөн цамц эсвэл "ухаалаг" бичигтэй футболка хайж байгаа бол Charm's-ыг сонирхоод үзээрэй.

 

Gentle Monster

Анх 2012 онд үүсгэн байгуулагдсан Солонгосын Gentle Monster брэндийн нарны шилээр Жижи Хадид, Кендалл Женнер, Миранда Керр гэх зэрэг дэлхийн супер моделиуд гоёдог. Тус брэнд саяхан Нью-Йорк хотод салбар дэлгүүрээ нээж, жүжигчин Тильда Суинтонтой хамтран ажилласан байгаа.

 

SJYP

Net-a-Porter, Shopbop гэх зэрэг олон улсын тансаг зэрэглэлийн онлайн дэлгүүрүүдээр худалдаалагддаг SJYP брэнд нь энэ жагсаалт доторх хамгийн алдартай нэр байж магадгүй юм. Эхнэр, нөхөр хоёрын үүсгэн байгуулсан уг брэнд өөрийн жийнсэн материалтай загваруудаараа олонд танигдсан билээ.


StyleNanda

StyleNanda брэнд 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлэхдээ онлайн дэлгүүр хэлбэрээр нээгдэж байсан бол өнөөдөр олон улсад алдартай загвар ба гоо сайхны брэнд болон хувирчээ. Тэд боломжийн үнэтэй атлаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлагатай загварлаг хувцаснууд борлуулдаг байгаа.

 

Cres. E Dim.

Анхаарал татам ширүүн ба романтик гэмээр зөөлөн элементүүдийг нэгэн зэрэг хослуулдаг Cres. E Dim. брэнд сонгодог загварууд дээр туршилт хийдгээрээ онцгой.

 

GOENJ

Өмнөд Солонгост төрж, олон жил Франц улсад амьдарсан дизайнер Goen Jong маш цэмцгэр загвартай атлаа зугаатай хувцаснууд санал болгодог.

 

KYE

Рианна, Кайли Женнер, Хейли Болдуин зэрэг дэлхийн хэмжээний алдартнууд энэ брэндэд маш дуртай. KYE брэндийн этгээд шийдэлтэй глэм хувцаснууд эзнээ бусдаас өвөрмөц харагдуулах онцгой чадвартай.

 

Hyein Seo

Олны анхааралд өртөхөөс эмээдэггүй хүмүүст Hyein Seo брэнд гарцаагүй таалагдана. Тод өнгийн үслэг хүрэм, төрөл бүрийн нөхөөстэй бомбер хүрэм болон хамба хилэн материалтай хослол гэх зэрэг зоригтой хувцаснуудыг та эндээс л олно.

 

Lucky Chouette

Lucky Chouette-ын "chouette" гэх үг нь шар шувуу гэсэн утгатай бөгөөд тус брэндийн гол бэлгэ тэмдэг юм. Тод өнгийн хээ, тэгш бус хэмтэй загварууд уг брэндийг тодорхойлно.

 

PlayNoMore

Instagram сүлжээний идэвхтэй хэрэглэгчид энэхүү брэндийг өмнө нь дуулж байсан байх. Тэдний өхөөрдөм дизайнтай гар цүнх ба аксесуар, хөвөн цамц ба хүрэмнүүд street style фото сурвалжилгад тогтмол өртдөг байгаа.

 

Ө.Тодгэрэл

2017-03-23, 09:00