Загвар бүртээ сэтгэлээ шингээдэг Испанийн 5 жижиг брэнд
Загварын салбарын мэдлэгээ тэлж, шинэ брэндүүдтэй танилцаарай
Хүн бүрийн мэддэг том брэндүүд гэхээс илүү дотоодын жижиг брэндүүдийг ажиглах нь үргэлж илүү сэтгэлд дулаан байдаг. Учир нь тэдгээр брэндүүд шинэлэг санаануудаар дүүрэн байдаг төдийгүй гаргаж буй бүтээгдэхүүн бүртээ бүхий л сэтгэлээ шингээдэг. BURO. уншигчдынхаа загварын тухай мэдлэгийг тэлэх үндсэн зорилгынхоо хүрээнд яг одоо өөрсдийн өвөрмөц бүтээлүүдээрээ гайхагдаж буй Испанийн 5 жижиг брэндийг танилцуулахаар шийдлээ
Энэ зун The Row брэнд бидний багадаа өмсдөг байсан, мөн өвөө нарын одоо ч өмсөх дуртай сонгодог загасчны сандаалыг эргээд моданд оруулсан билээ. Гэхдээ Мадридад байршилтай дизайнер Гонсало Фонсекагийн хувьд ийм сандаал нь огтхон ч шинэ тренд биш юм. Тэрээр өдгөө 13 жилийн турш Steve Mono брэндийнхээ хүрээнд сайн хийцийн, сонгодог сандаалуудыг урлаж байна.
Брэндийн үндэс суурьд Испани улсаа гэсэн хайр, эртний уламжлалт зүйлсийг хүндэтгэх сэтгэл тавигдсан байдаг бөгөөд загвар бүрийг захиалгаар, 10 хоногийн хугацаанд, гараар оёдог байгаа. Үүнээс гадна гутал бүр нь универсал загвартай ба хүйсээр ялгагддаггүй, 36-45 хүртэлх размерын сонголттой билээ.
Дизайнер Бланка Перес Карберо нэгэн удаа хуучин тэлээний горхи хараад дотроо "Үүнийг яагаад толгойдоо зүүж болохгүй гэж?" хэмээн боджээ. Одоо тэрээр винтэж шүр, товч, зүүлт хайж олохоор дэлхийг тойрон аялдаг бөгөөд цуглуулсан хуучин эдлэлүүдээрээ төрөлх Барселон хотдоо шинэ гоёл чимэглэл бүтээдэг байна. Тэлээний горхи үсний хавчаар болж, хуучин энгэрийн зүүлт бугуйвч эсвэл хүзүүний зүүлт болон хувирдаг байгаа. Ингэхдээ Бланка зөвхөн жинхэнэ арьс шир, цэвэр мөнгө, алт, эсвэл алтан түрхлэгтэй винтэж загварууд хайдаг гэнэ.
Люсия Вергарын урлан Барселон дахь Борн дүүрэгт байршдаг бөгөөд гаднаасаа салатны ногоон өнгийн ханаараа танигдана. Дизайнер шавар, мод, гууль, давирхай болон ацетат ашиглан ээмэг, хүзүүний зүүлт урладаг ба ингэхдээ тэрээр 1940-өөс 1980-аад оны хоорондох үеийн загвар болон урлагаас бүтээлч санаа авдаг байна.
Үүнээс гадна энэ зун Люсия винтэж даавуу, материалаар хийсэн цамцны цуглуулга гаргажээ. Нэг загварыг тэрээр хуучин ширээний бүтээлгээр урласан бол, өөр нэг загварыг европын винтэж дэлгүүрээс олсон төрөл бүрийн хээтэй олон жижиг алчууруудаар бүтээсэн байна. Мөн тэрээр дэлгүүртээ аяллаасаа авчирсан төрөл бүрийн сувенирууд худалдаалдаг гэнэ.
Загварын блогер Бланка Миро болон дизайнер Мария де ла Орден нарын үүсгэн байгуулсан La Veste брэнд нь анх ирвэсний хээтэй анхаарал татам пиджак, тод өнгийн судалтай хувцас зэргээс эхэлсэн хэдий ч одоо брэнд Instagram дахь хамгийн өхөөрдөм трендүүд болох өвөрмөц захтай цамцнууд, цэцгэн хээтэй шоортууд, даавуун амны хаалтууд, өнгөлөг панама малгайнуудаас бүрдэж байна.
Цэцгэн хээтэй даашинзууд, панталон шоортууд, романтик захтай даашинзуудаар нарийвчилсан Andion нь гэр бүлийн бизнес төдийгүй 30 жилийн турш амжилттай яваа, маш загварлаг брэнд юм. Испанийн Vogue сэтгүүлийн онцолж буйгаар тус брэндийн эдлэлүүд "Little Women" киноны загварыг санагдуулах болно.
Andion брэндэд хоорондоо ижил загвар гэж бараг л байхгүй бөгөөд ашиглах материалаа ч хүртэл маш цөөн тоогоор захиалдаг тул жинхэнэ дахин давтагдашгүй дизайныг эндээс олох боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт