Загварын хорхойтонд бэлэглэх 2019 оны шилдэг 7 ном

Загварын тухай шилдэг номууд

Chanel: The Impossible Collection

Мэргэжилтнүүд энэхүү номыг музейн үзмэртэй харьцуулах нь бий. Chanel: The Impossible Collection номонд домогт загварын ордны 100 гаруй алдартай төрхийг нэгтгэсэн төдийгүй тус бүр нь тухайн үедээ хэрхэн загварын салбарт нөлөөлж байсныг хүүрнэсэн байдаг. Домогт богино хар даашинз, твид хослол, сүрчиг гээд биднийг Chanel ордонд дурлахад хүргэсэн бүх гол бүтээлүүд энд бий.

Rihanna

Дуучин Рианнагийн 5 жилийн ажлын түүх, хүүхэд нас, гэр бүл болон найз нөхөд гээд 1000 гаруй ховор гэрэл зургаас бүрдэх энэхүү ном нь түүний намтрыг загварлаг, өнгөлөг байдлаар өгүүлэх юм. Өөрөөр хэлбэл энэ нь дуучин бүсгүйн жинхэнэ шүтэн бишрэгчдийн хувьд маш үнэ цэнэтэй бэлэг байх болно.

Tim Walker: Shoot for the Moon


2020 оны гуравдугаар сарын 8 хүртэл Виктория ба Альбертийн музейд Их Британийн алдарт загварын зурагчин Тим Уолкерийн "Wonderful Things" нэртэй үзэсгэлэн гарч байгаа билээ. Үзэсгэлэнд зориулан Shoot For The Moon гэх тусгай ном худалдаанд гаргасан нь аль хэдийнэ загварын салбарын хамгийн үнэ цэнэтэй номуудын нэгээр нэрлэгдэж байна. Уг номоос Тим Уолкерийн шилдэг бүтээлүүдийг олж харах боломжтой.

Yves Saint Laurent Catwalk

The Business of Fashion сэтгүүлийн хамт олон уг номыг "XX зууны хамгийн агуу загвар зохион бүтээгчийн нэвтэрхий толь бичиг" хэмээн нэрлэсэн байдаг. Yves Saint Laurent Catwalk номонд брэндийн зохион байгуулж байсан загварын шоунууд болон нүүр царайгаар сонгогдож байсан алдарт моделиудын 1000 гаруй ховор гэрэл зургаас гадна хэвлэл мэдээлэл ба олон нийт хэрхэн Ив Сен-Лораны бүтээлүүдийг хүлээж авч байсан тухай сонирхолтой мэдээллүүд багтсан байгаа.

John Galliano for Dior



Dior ордонд 12 жилийн хугацаанд ажиллахдаа Жон Гальяно дахин давтагдашгүй, гайхалтай загваруудыг бүтээж амжсан бөгөөд тэдгээр бүтээлүүд нь загварын түүхийн чухал хэсэг болж хувиран мэргэжилтнүүдийн зүгээс маш өндөр үнэлгээ авсан байдаг. Харин тэр бүх гайхамшгийг John Galliano for Dior номоос олж харж болно.

Bill Cunningham: On the Street



The New York Times сонинд 40 жил ажиллахдаа зурагчин ба сэтгүүлч Билл Каннингем гудамжны загвар гэх ойлголтыг бий болгож, цагийн эрхээр иргэдийн мэдрэмж ба стиль хэрхэн өөрчлөгдөж байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Bill Cunningham: On the Street ном бол түүний зургуудыг нэгтгэсэн анхны бүтээл бөгөөд эндээс та Билл Каннингемийн The New York Times-д зориулсан шилдэг ажлууд болон амьдралынхаа туршид цуглуулсан ховор зургуудыг олох болно.

Supreme Models: Iconic Black Women Who Revolutionized Fashion


Тайра Бэнксээс эхлээд Наоми Кэмпбелл, Адвоа Абоа, Жоан Смоллс ба Жордан Данн гээд загварын салбарт хувьсгал хийсэн өнгөт арьстай супермоделиудыг онцолсон энэ ном нь сүүлийн 60 жилийн хугацаанд гарсан алдарт сэтгүүлийн нүүр зургууд, сурталчилгааны ажлууд болон ховор ярилцлагуудыг нэгтгэсэн байгаа.

Buro.Mongolia

2019-12-27, 15:00

  • Зураг: