Street Style дуран: Лондонгийн загварын долоо хоног, намар-өвөл 2022

Бороотой, сэрүүн өдрүүдэд тохиромжтой хувцаслалтын санаа аваарай

Хоёрдугаар сарын 18-22 хооронд Лондон хотод намар-өвөл 2022 улирлын загварын долоо хоног амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад LVMH Prize 2021 тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн дизайнер Ненси Дояки болон Molly Goddard, Erdem, Simone Rocha зэрэг брэндүүд шинэ цуглуулгуудаа толилуулсан юм. Загварын шоуны үеэр Лондон хотноо хүчтэй салхи болон бороо ажиглагдаж байсан хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирсэн зочдод цаг агаарын тогтворгүй байдал огтхон ч саад учруулсангүй. Харин ч тэд маш өнгөлөг, зоригтой, мөн этгээд гэмээр төрхүүд бүрдүүлсэн нь хотын гудамжинд халуун дулаан уур амьсгал оруулж чадсан юм. 

Нэг шоунаас нөгөөг зорин явж буй зочдын хувцаслалт дунд неон шар, ногоон, нил ягаан, улбар шар, классик хар, цайвар шаргал зэрэг өнгөнүүд зонхилсон байна. Street style зургуудаас харахад, тэд сүүлийн үед тренд болоод буй сонгодог эсгүүртэй цув, хөвсгөр өдөн куртка, савхин хослол, нэхмэл цамц, сул загварын өмдийг өмссөн байлаа. Мөн олон давхар хувцаслалтыг бүтээлчээр загварчилж, зоримог гоёл чимэглэлийн шийдлүүдийг оруулж, бусад хотуудад үзэгдээгүй өнгөлөг хэв маягийг бий болгосон байна. Харин гутлын сонголтын хувьд түрийтэй арьсан гутал, платформ ултай өсгийтэй гутал, үслэг өвлийн гутал болон цагаан кетыг түлхүү өмсжээ. Ингээд Лондонгийн загварын долоо хоногийн шилдэг төрхүүдтэй танилцацгаая.

Buro.Mongolia

2022-02-24, 10:42