Токиогийн загварын долоо хоног дахь street style

Хамгийн зоригтой загварын хот

Загварын салбарын ерөнхий хүрээлэл хөлөөсөө толгой хүртэл Gucci эсвэл Vetements-ээр хувцаслах болсон энэ үед Токиогийн гудамж дахь загварлаг залуус цоо шинэ, тэс ондоо уур амьсгал авчирлаа. Тэд хувцсаа хэний ч санаанд оромгүй гэнэтийн байдлаар хооронд нь хослуулж, олонд танигдаагүй брэндийг илүү алдартай загваруудтай уусгадаг. Тийм ч учраас Токиогийн street style одууд улирал бүр биднийг гайхшруулдаг хэвээр байна. Платформтой гутал, неон өнгийн хувцас, сургуулийн форм санагдуулам комбинзон, сувенир мэт олон төрлийн бичиг ба зурагтай хүрэмнүүд энэ хотын загварыг илтгэнэ. Мөн мэдээж хэрэг үс ба нүүр будалтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Богино чёлк, солонгын долоон өнгөтэй үс, хэтрүүлэн түрхсэн хацар өнгөлөгч, төрөл бүрийн өнгөтэй нүдний линз зэрэг нь Япончуудын хувьд хэвийн үзэгдэл болсон этгээд шийдлүүд юм.

Ө.Тодгэрэл

2017-03-23, 13:00